Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнтэй золгох цаг гурван долоо хоногийн дараа болох гэж байна. Үүнтэй зэрэгцээд сар шинийн баярын ширээнд зайлшгүй тавигддаг хүндэтгэлийн зоог болох ууц, өвчүүний үнэ хэрэгцээгээ дагаад нэмэгджээ.
Энэ үеэр нийслэлчүүдийн хамгийн ихээр зорьдог Хүчитшонхор захад ууц дунджаар 23-40 кг-ийн жинтэй, 140 мянгаас 380 мянган төгрөгийн үнэтэй. Харин үхрийн өвчүү нь 15-40 кг-ийн жинтэй, 180 мянгаас 400 мянган төгрөгийн үнэтэй байна.
Харин иргэдийн өгч буй мэдээллээр илүү нугаламтай, өнгө үзэмж сайтай хамгийн том ууц гэхэд 350 мянган төгрөгт хүрсэн гэж байна.
Статистикийн хорооноос ирүүлсэн мэдээллээс харахад махны үнэ мөн л өсчээ.
Энэ долоо хоногт /2019 оны 1-р сарын 09-ны байдлаар/ махны дундаж үнэ:
- хонины ястай махны үнэ өмнөх сараас 4.3 хувиар өссөн буюу 6980 төгрөг
- үхрийн ястай махны үнэ 5.4 хувь өссөн буюу 8745 төгрөг
- үхрийн цул махны үнэ 3.9 хувь өссөн буюу 10390 төгрөг
- ямааны ястай махны үнэ 9.0 хувь өссөн буюу 5800 төгрөгийн
- адууны ястай махны үнэ 5.8 хувиар өссөн буюу 6750 төгрөгийн үнэтэй байна.
Өмнөх 7 хоногтой харьцуулахад
- хонины ястай махны үнэ 0.4 хувь,
- үхрийн ястай махны үнэ 1.9 хувь,
- үхрийн цул махны үнэ 0.9 хувь,
- ямааны ястай махны үнэ 2.7 хувь,
- адууны ястай махны үнэ 3.4 хувиар өссөн байна.
Мөн гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 3.1 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.7 хувиар өссөн байна. Баяр дөхөөд ирэхлээр бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг уламжлал тогтсон хойно ийнхүү махны үнэ нэмэгддэг “Мода” эхэлжээ.