dahin-tolowlolt

Дахин төлөвлөлтийн хүрээнд 24 га газарт, 1280 айлын орон сууц барина

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршлыг баталлаа. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Содон хорооллын зүүн хойно 24 га газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууц барих төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Уг байршил нь төвийн төвлөрсөн шугамд холбогдох боломжтойгоороо давуу талтайн дээр амьдарч буй иргэдийн 89 хувь нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барилгажуулахыг дэмжсэн аж.

Уг байршилд нийт 4600 хүн ам, 1280 өрх, 920 хүүхдийн сургууль, 460 хүүхдийн цэцэрлэг, нэг өрхийн эмнэлэг, нэг амбулаторитой байхаар төлөвлөж байгаа гэнэ. Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд өнгөрсөн хугацаанд нийт 7227 айлын орон сууц ашиглалтад оруулжээ. Өнгөрсөн онд гэр хорооллыг дахин төлөвлөн баталгаажуулах төслийн хүрээнд 2017 айлыг орон сууцжуулсан бол 2019 онд 3417 айлын орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгааг танилцуулгын үеэр дурдаж байв.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хурлаар мөн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулгыг хийх асуудлыг ээлжит XXVII хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасахаар шийдвэрлэв. Учир нь Засгийн газрын зүгээс тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар батлуулахаар өргөн барьснаа буцаан татсан аж. Тэргүүлэгчдийн хурлаар мөн нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойг угтан 232 иргэнийг төрийн шагналд тодорхойлж ирүүлснийг Ерөнхийлөгчид уламжлахаар шийдвэрлэсэн юм.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих