tatwariin-togtoltsoo

Татварын тогтолцоогоо эргэж тунгаах цаг ирсэн үү…

~Татварын тогтолцоогоо эргэж тунгаах цаг ирсэн үү…~

Татварын тогтолцоогоо эргэж тунгаах цаг ирлээ. Зах зээлийн эдийн засагт шилжсэн цагаас хойш үйлчилсэн энэ систем нэг л болохгүй байна. Ялгаварлах үзэл татварын хуульд нэвчиж, тэр бодлогын уршгаар иргэд хохирч үлдэх боллоо.

Учир нь, татвар төлдөггүй хэсгээсээ авах ёстой татвараа улс авч чадахгүй байгаа нь шударга бус байдлыг улам “бордож” байна. Энэ байдлаас үүдэж цаг хугацаандаа татвараа төлж, орлогоо ил тод тайлагнасан нь хохирч, нууж дарсан нь завшсаар. Цаашдаа ч энэ байдал нийгмийн уур амьсгалыг эвдэж, бизнесийн хэвийн үйл ажиллагаанд хүндрэл үүсгэж мэдэх нь.

Татвараа үнэнч шударгаар төлнө гэдэг том соёл. Гэвч энэ соёл устахад ойрхон байна. Улсын нэгдсэн төсвийн орлогын 80 гаруй хувийг татварын орлого бүрдүүлдэг. Гэвч нийт татварын орлогын дийлэнх хэсгийг чих зөөлөн хувийн хэвшлийн топ гэгдэх толгой хэдэн компани төсөвт төвлөрүүлж байна.

Монгол Улсын шилдэг 100 аж ахуйн нэгжийн төсөвт төлсөн татвар, хураамжийн орлого 2017 оны байдлаар улсын нэгдсэн төсвийн татварын орлогын 40 хувийг бүрдүүлсэн. Эдгээр компанийн бараг тал нь уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл татварт хамаарагдахгүй маш олон бүлэг онцгой эрх эдэлж байна.

Жишээ нь нийгмийн салбар нэрээр ашгийн үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс, албан бус хөдөлмөр эрхлэгчид, малчид гээд л. Тэд ч бас татварт хамрагдах ёстой. Жилдээ 600-700 тэрбум төгрөгийн махны бэлтгэл, ноос ноолуурын худалдаа эргэх хэрнээ дараагийн үе шатанд очих хүртлээ татварт хамаарагдахгүй байна. Татвараас ангид байж болох бизнес байгаад байгаа нь татварын тогтолцоо өөрөө хэрхэн гажуудсаныг харуулж байгаа юм.

Уг нь бол бүгд л ашгийн төлөө, арилжааны зарчмаар ажиллаж, инфляци, төгрөгийн ханш, шатахууны үнийн өсөлт, уналтаар далимдуулан жил болгон үнээ хөдөлгөдөг. Энэ нь эдийн засагт дарамт болж, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх, өрхийн зардал нэмэгдэх гол суурь шалтгаан болж буй.

Төр татвар нэмэхээ урьтал болгох атал татварын бааз сууриа өргөтгөх талаар дорвитойхон алхам хийж чадахгүй байна. Жишээ нь зарим хувийн эмнэлэг, сургууль гэхэд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт хангалттай эдлэх атлаа иргэдийн худалдан авах чадварт нийцсэн чанартай үйлчилгээ үзүүлэх нь ховор билээ.

Тэнгэрт хадсан үнэ хэлэх атлаа нийгмийн хариуцлагаа умартсан нь цөөнгүй. Татвар бол хуулийн өмнө хүлээсэн үүрэг төдийгүй нийгмийн хариуцлагын толь юм. Улсын хэмжээнд 1800 орчим эмнэлэг, сувилал бүртгэлтэй байна. Их, дээд сургуулийн тоо гэхэд 100-гаар хэмжигдэх аж. Тэдний толгойг илэх бус үүрэг, хариуцлагыг нь зэрэг үүрүүлэх хэрэгтэй байна.

Олон жил үргэлжилсэн татварын энэхүү “цоорхой”-г ашиглаж нийгэмд далд эдийн засаг газар аван тэлж, улам “үсэрхийлэх” болов. Үнэндээ НӨАТ-ын баримт өгч хэвшихгүй бизнес эрхлэгч, ААН ч байсаар байна. 2016 онд НӨАТ-аар 207 сая талон хэвлэгдэж 35 их наяд төгрөг тэмдэглэгдсэн. 2017 онд 247 сая талон хэвлэгдэж, 56 их наяд төгрөг тэмдэглэгджээ.

Ганцхан жилийн дотор НӨАТ-ын тэмдэглэсэн мөнгө 20 гаруй их наяд давсан байгаа юм. 20 их наяд гэдэг бол асар том мөнгө. Шинэ системд орох цаг болсныг энэ тооноос харж болно. Технологийн хувьд ч том дэвшил гарсан. Ухаалаг утас хэрэглэдэг хүний тоо бараг 1.8 саяд хүрээд байна.

Түүнээс гадна татварын албанд тайлангаа 2017 онд ирүүлсэн аж ахуйн нэгжүүдээс 50 орчим хувь нь “х” тайлан гаргаж байгаагаас үзэхэд эдийн засгийн хүндрэлээс илүү манай улсад татвар төлөх соёл, итгэл үнэмшил хэр доогуур байгааг илтгэж буй юм.

• Бүгд л ашгийн төлөө, арилжааны зарчмаар ажиллаж, инфляц, төгрөгийн ханшаар далимдуулан жил болгон үнээ хөдөлгөж байдаг.
• Татвар бол хуулийн өмнө хүлээсэн үүрэг төдийгүй нийгмийн хариуцлагын толь юм.
• Орлого тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ эрхэлдэг хүмүүсээс авдаг байсан татвар энэ хүрээд зогссон.

Эдийн засгийн хүндрэлээс татвараа нэмж бус татварын бааз сууриа өргөтгөх замаар гарах боломж манай улсад байсан. Гэхдээ татвар нэмэх нь илүү хялбар хувилбар байснаар энэ оноос татварын орлогын дүн өсөж эхэлсэн. Адилхан худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хоёр компанийн нэг нь татвараа нуух үзэгдэл манай улсад түгээмэл гардаг. Татварын тэгш бус өрсөлдөөн компаниудын эрүүл өсөлтөд сөргөөр нөлөөлж, хөгжлийг нь боомилж байна.

Татварын хоёр дахь шатны шинэчлэлийн гол зорилго нь үүнийг өөрчлөх байсан. Гэвч шинэчлэл замын дундаа саарч, харин татвар нэмэх болсноор үйл явдал цаашаа тэс хөндлөн өрнөсөн юм. Монгол Улсын нийт аж ахуйн нэгжийн 90 хувь нь жижиг, дундчууд.

Тэднийг нэгдсэн системд оруулахгүй л бол далд эдийн засаг төсвийн боломжийг сорсоор байх нь. Харин зөвхөн татвар нэмэх замаар төр асуудлыг шийдэж байгаа нь бухимдал газар авахад хүргэж байна. Монголын хөрөнгийн биржийн өдрийн арилжаанаас давсан бэлэн мөнгө гар дамжин эргэлдэж байдаг “Нарантуул” захын худалдаачид татварын баазыг өргөтгөх томоохон нөөц, боломж юм, уг нь.

Гэтэл тэднээс 2016 он буюу НӨАТ-ын хууль хэрэгжиж эхэлснээс хойш тогтмол татвар авахгүй болсон. Орлого тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ эрхэлдэг хүмүүсээс авдаг байсан татвар энэ хүрээд зогссон.

Угтаа далд эдийн засгийг ил болгож, татварын орлогоо нэмэгдүүлье гэвэл их мөнгөний үүд болсон 100 айл, “Хүчит шонхор”, “Нарантуул”, “Барс”, “Хархорин” гээд томоохон захаа татварын системдээ татан оролцуулъя. Хувийн эмнэлэг, сургууль энд мөн хамаарах учиртай.

“Нарантуул” захад хүүхдийн гутал зардаг Н.Уламоргих “татвар төл гэвэл төлнө шүү дээ. Орон сууцны болон бизнесийн зээл авахад татварын түүх чухал үзүүлэлт болдог” гэв. Түүнтэй ижил санаа бодолтой хүмүүс тэдний дунд цөөнгүй байна. НӨАТ-ын шинэ систем үйлчилж эхэлснээр улсын хэмжээнд 1700 байсан касс жил хагасын хугацаанд 63 мянга болж нэмэгдсэн. Татварын бааз суурийг 40 дахин өсгөсөн нь 63 мянга кассын машины үр дүн гэдгийг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав онцолсон удаатай.

Тэгвэл НӨАТ-ын системийг нийтээр мөрдөх, Ebarimt-аа элдэв шалтгаан тоочилгүй иргэдэд гаргаж өгдөг соёл аж ахуйн нэгжүүдэд үгүйлэгдэж байна. Зөвхөн аж ахуйн нэгж, хувь иргэдээс гадна татварын бодлогыг зангидаж буй төрийн байгууллагын хүнд суртал өнөөгийн тогтолцоог улам түвэгтэй болгож байна.

Зөвлөн туслахын оронд заавал нэг алдаа олох, улмаар торгох гэж татварынхан зүтгэдэг тал бий. Энэ байдал аж ахуйн нэгжүүдэд дарамт болж, татвар төлөхгүй байгаа хэсэгтэй барьцахад хүргэж байгааг анхаарлын гадуур орхимгүй байна.

Э.Адъяасүрэн

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих