Монгол улс БНСУ хоорондын агаарын хэлэлцээрийн харилцаа шинэчлэгдлээ. Өнгөрсөн оны 12 сард хоёр тал зарчмын хэд хэдэн асуудал дээр тохиролцсон байна. Тухайлбал хоёр талаасаа нислэгийн тоог нэмэгдүүлж суудлын тоог тэнцүүлэх байр сууринд санал нэгджээ.
Ингэснээр Улаанбаатар Инчеоны чиглэлд 7 хоногтоо 5000 хүн зорчихоор болж байна. Мөн тасалбарын үнэ бууруулах асуудлыг ч ярилцсан байна.
Монгол улс, Бүгд найрамдах Солонгос Улсын засгийн газар хоорондын агаарын харилцааны хэлэлцээр энэ сарын 16-17 –ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо болжээ. Хэлэлцээний дүнд:
- Улаанбаатар-Сөүл хоорондын нислэгийн давтамжийг Монголын талаас долоо хоногт 11 хүртэл, / нислэгийн давтамжийн тоог таваар нэмэгдүүлж, суудлын тоо 1000 орчим нэмэгдэж, жилдээ нийт 94 мянга орчим суудлыг зах зээлд нэмж гаргах боломжтой бүрдэжээ/
- Сөүл-Улаанбаатар хоорондын нислэгийн давтамжийг Солонгосын талаас долоо хоногт 9 хүртэл байхаар,
- Суудлын тоо агаарын хөлгөөс хамааран нэг талаас 1548-1656 хооронд байсныг тус тус 2500 хүртэл суудал байхаар тохиролцсон
- Мөн БНСУ-ын талаас Улаанбаатар-Сөүлийн чиглэлд хоёрдогч агаарын тээвэрлэгчийг оруулахаар шийджээ./БНСУ-ын талаас хоёрдогч агаарын тээвэрлэгч орж ирснээр нийлүүлэлт нэмэгдэж зах зээлд гаргах нэгж суудалд оногдох зардлыг бууруулах бөгөөд зах зээлийн зарчмаар өрсөлдөөн бий болон үнэ тариф тодорхой хэмжээгээр буурна гэж үзэв.
- Улаанбаатар-Бусан чиглэлийн нислэгийг нэмэгдүүлж долоо хоногт гурван удаагийн давтамжтай, 195 хүртэл суудалтай агаарын хөлгийн маяг харгалзахгүй үйлдэхээр болсон. / зуны оргил ачаалалтай үе болох 6-8 дугаар сард зорчигч тээврийн эрэлтийг тухайн үед нь хангаж байх нэмэлт нислэгийн зохицуулалтыг хадгалж үлдсэн./
- Түүнчлэн хоёр улсын гадаад худалдаа, экспортын бараа бүтээгдэхүүн, тэдгээрийн нэр төрлийг нэмэгдүүлэх, хөгжүүлэх зорилгоор дан ачаа тээврийн нислэгийг Улаанбаатар-Сөүл чиглэлд долоо хоногт 5 хүртэл давтамжтай байхаар тохиролцов.
- Шинээр захиалгат нислэгийг тогтоосон шугамд /маршрутад/ зөвхөн томилогдсон агаарын тээвэрлэгчдэд олгохоор болсон.
Хэлэлцээрийн эцэст талууд жил бүрийн дөрөвдүгээр улиралд багтаан тухайн жилийн тээвэрлэлтийн бодит эрэлт хэрэгцээг харгалзан тохиролцсон шугамд нислэгийн давтамж, багтаамжийг нэмэгдүүлэх эсэх талаар харилцан зөвшилцөж байхаар болжээ.