САЙН МЭДЭЭ: Сэлбэ дэд төвийн 1000м3 хүчин чадалтай УСАН САН ашиглалтад орлоо

Сэлбэ дэд төвд барьж ашиглалтад оруулж буй 1000м3 хүчин чадал бүхий Усан сан, насос станцын барилгын ажлыг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ боллоо. Сэлбэ дэд төвд усан сан, насос станцын барилга угсралт болон ус хангамжийн шугам хоолой нийлүүлж, суурилуулах ажлыг хийж гүйцэтгэснээр Сэлбэ болон Дамбадаржаа төвийн иргэд оршин суугчид ундны усны эх үүсвэрээр хангагдаж байгаа юм.

Барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр Санжат ХХК ажиллаж төлөвлөгөөний дагуу товлосон хугацаандаа ашиглалтад хүлээлгэн өглөө. Туршилт, тохируулга, угаалга шахалт, тест хийх ажил бэлэн болсон байна.

Усан сангийн ойр орчмын айлууд нэг км гаруй газраас ундны усаа зөөдөг байна. Иргэдийн зүгээс ундны усны худагтай болох хүсэлтийг ихээр тавьж байгааг төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс хотын захирагчид дуулгаж байв. Хотын захирагчийн зүгээс усан сангаа түшиглээд 2-3 худаг байгуулах ажлыг хийнэ гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Улаанбаатар хотын хамгийн чухал амин сүнс болсон цэвэр усны хангамжийн асуудлыг шийдэж, Сэлбэ, Дамбадаржаа дэд төвийн Цэвэр усны усан санг ашиглалтад оруулж байна. Энэ усан сан ашиглалтад орсноор ойр орчмын айл өрхүүд цаашлаад ирэх жилээс хэрэгжүүлж эхлэх орлогод нийцсэн орон сууцны үндсэн дэд бүтцүүдийн нэг. Энэ төслүүд хэрэгжиж эхэлснээр Улаанбаатар хотын барилгажих ажил эрчимтэй үргэлжлэх боломж нь бүрдэж байна. Усан сангийн барилгын ажлыг чанарын өндөр түвшинд, түргэн шуурхай гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэн өгч байгаа Санжат ХХК-ийн хамт олонд талархлаа илэрхийлье” хэмээлээ.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих