Манай улсын хувьд өнгөрсөн онд олон улсын чиглэлд 1.2 сая зорчигч ниссэн нь Монгол Улсын тогтоосон хамгийн өндөр амжилт болж буйг ИНЕГ-аас мэдээллээ.
Энэ талаар ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн хэлэхдээ, “Олон улсын агаарын тээврийн нийт үзүүлэлт өнгөрсөн оны 10-р сарын байдлаар 6.5 хувьтай байлаа. Энэ дотор Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын нислэг 8.5 хувийн өндөр өсөлттэй гарсан. Манай улсын хувьд агаарын тээврийн өсөлт 9 хувьтай байна. Үүнээс үзэхэд Монгол Улс бүс нутгийнхаа үзүүлэлтээс илүү гарсан дүнтэй байгаа”-г онцлов.
Орон нутгийн нислэг 21 хувиар өсчээ. Ачаа тээврийн үзүүлэлтийн хувьд, олон улсад 7 хувийн өсөлттэй гарчээ. Нислэгийн гүйцэтгэл болон бүтцээр үзвэл, орон нутгийн нийт зорчигчдын 70 гаруй хувь нь уул уурхайн нислэгийн зорчигчид байсан байна.
Ерөнхийд нь дүгнэж хэлэхэд, Монгол Улс олон улсын чиглэлд 1.2 сая зорчигч тээвэрлэсэн нь анх удаагийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Олон улсын “Чингис хаан” нисэх буудал гэхэд 1.4 зорчигчид үйлчилжээ.
ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн цааш нь хэлэхдээ, “Бид бусад улстай агаарын харилцааны хэлэлцээрээр дамжуулан бүх чиглэлд нисэх, хамтран ажиллах бололцоо бий. Гэхдээ манай улсын хувьд юуны түрүүнд шатахуунаа олон улсын зах зээлийн үнээр нийлүүлдэг байх ёстой. Ингэж байж Монголд авиакомпанийн онгоцууд бууж, хөөрөх боломжтой болно. Ийм сонирхлыг манай улс бусад орны агаарын тээврийн компаниудад төрүүлэх хэрэгтэй байна” гэв.