amnii-hondiin-ariun-tsewer

Хүүхдийн амнаас эвгүй үнэр гарах шалтгаан нь ХЭЛНИЙ ӨНГӨР

Амны хөндийн эрүүл мэндэд шүдний цоорлоос гадна хэлний ариун цэврийг сахих нь нэн чухал юм. Тиймээс хэлний ариун цэврийн талаархи зөвлөмжийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас хүргэж байна.

ХЭЛ БА ХЭЛНИЙ ӨНГӨР
Хэл нь булчинлаг эрхтэн бөгөөд олон давхаргат хучуур эдээр бүрхэгдэнэ. Хэлний доод тал салстаар хучигдсан байх ба голд нь хэлний хөвч бэхлэгддэг. Хэл нь олон хэлбэрийн хөхлөгүүдтэй /шигтгээ хөхлөг, утсан хөхлөг, мөөгөн хөхлөг, хуудсан хөхлөг/ бөгөөд эдгээр хөхлөгүүд нь өөр, өөр амтыг мэдэрдэг онцлогтой байдаг.

Хэл нь амтлах мэдрэхүйн үүрэг гүйцэтгэдэг эрхтэн юм. Гэхдээ хэл зөвхөн энэ үүргээр хязгаарлагдахгүй, мөн ярих чадварт голлох үүрэг гүйцэтгэдэг. Хэлний хөдөлгөөн сайн байх тусам яриа нь хурц тод байдгаас гадна хурц тод ярьснаараа хүүхдүүдийн эрүү, зажлуурын гэх мэт нүүрний булчингуудын хөгжил сайн явагдана.

Булчин дагаж яс хөгжинө гэдэг. Хүний булчингийн хөгжил хэдий сайн байна, түүнийгээ дагаад ясны хөгжил нь сайн явагддаг. Ялангуяа шүд солигдлын үедээ яваа хүүхдүүдийн хувьд энэ нь маш чухал асуудал юм.

Амны хөндийн эвгүй үнэр гарах шалтгааны 95 хувь нь хэлний өнгөртэй холбоотой гэж эрдэмтэд үздэг. Тэгвэл хэлний олон тооны хөхлөгөөс гадна хучуур эдүүдийн гуужилт, мөн идэж буй хоол хүнс зэргээс хамаарч хэлэнд өнгөр тогтдог байна. Эдгээр өнгөр нь аман дахь бактеруудтай нэгдэж, бактерийн бүрдэл үүссэнээр амнаас эвгүй үнэр гардаг байна.

Иймд та хүүхдийнхээ шүдийг угаасныхаа дараа зориулалтын хэлний өнгөр хусагчаар хэлийг нь заавал цэвэрлэж хэвшээрэй. Гэхдээ чанга үрж, хусаж болохгүйг анхаарна уу. Учир нь, чанга хуссанаар хэлний хөхлөгүүд гэмтэх аюултай.

ХЭЛИЙГ ХАРАХ
Шүдээ угаахаасаа өмнө хэлийг нарны гэрэлд хараарай. Амаа ангайж хэлээ гаргахдаа хэт чангалахгүй байх хэрэгтэй. Учир нь, хэлээ хэт чангалсан үед өнгө, хэлбэр нь өөрчлөгдөх магадлалтай. Хоол унд, эм тан, тамхи зэрэг нь хэлний өнгөрийн өнгийг өөрчилдөг тул эдгээрийг хэрэглэснээс хойш хамгийн багадаа нэг цагийн дараа харах ёстой. Үүнээс гадна амны хөндийн өвчин, гэмтэл бэртэл, эмийн бэлдмэлийн нөлөө, харшил зэргийн нөлөөгөөр хэл гэмтэж өөрчлөгддөг гэдгийг анхаарах хэрэгтэй.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих