Их Британийн нийслэл Лондон хотын өмнөд хэсэгт явган зорчигчид руу хутгатай халдсан этгээдийг цагдаа нар буудаж устгалаа. Лондоны цагдаагийн газраас энэ хэргийг исламизмтай холбоотой террорист халдлага гэж үзэж байна. Халдлага үйлдсэн этгээд нэгдүгээр сарын сүүлчээр шоронгоос суллагджээ.
Тэрээр алан хядах ажиллагаатай холбоотой гэмт хэргийн улмаас гурван жилийн ял авч, ялынхаа тэн хагас хугацааг эдлээд гарсан байна. Түүнийг Судеш Амман гэдэг, 20 настай, амиа золиослогч алан хядагчийн бүс зүүсэн байсан нь шалгалтын явцад хуурамч болох нь тогтоогдсон гэж Цагдаагийн байгууллагаас мэдээлсэн байна.
Хутгатай халдлагын улмаас гурван хүн шархадсаны нэгийнх нь биеийн байдал хүнд байна. Хутганы шарх авсан нэг эрэгтэйн амь нас аюултай, нэг эмэгтэйн биеийн байдал харьцангуй дээр байгаа гэнэ. Бас нэг хүн цагдаагийн буудлагын дараа хагарсан шилэнд зүсэгдэж, шархаджээ.
Энэ хэргийг харсан гэрчүүдийн мэдээлснээр бол ням гарагийн өдрийн 14:00 цагийн үед нэг эрэгтэй дэлгүүрт орж ирээд хүмүүс рүү хутга барин дайрчээ. Үүнийхээ дараа гадаа гарч, дугуй унаж явсан нэг эмэгтэй рүү халджээ. Цагдаа нар яаралтай ирж, халдлага үйлдсэн этгээдийг гурван удаа буудсанаар гэмт этгээд газар дээрээ амиа алджээ. Цагдаа нар хэрэг гарах үед алан хядагчийг мөрдөж шалгаж байсан гэнэ. Одоогийн байдлаар халдлага гарсан хэсгийг бүслэлтэд авч, автомашинтай цагдаа нар эргүүл хийж байна.