Нийслэлийн статистикийн мэдээлснээр энэ долоо хоногт мах, хүнсний ногооны үнэ өссөн талаар мэдээллээ.
Тодруулбал, махны дундаж үнэ 2019 оны дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 8588 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 9642 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 108 төгрөгөөр үхрийн цул махны үнэ 376 төгрөгөөр тус тус өссөн байна.
Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8500 төгрөг, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10 мянган төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 220 төгрөгөөр өсч, харин хонины цул махны үнэ тогтвортой байв.
Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 7800 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1200 төгрөг, 2-р зэргийнх 800-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300-1400 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1200-1320 төгрөгийн үнэтэй байна. “Баянзүрх”, “Бөмбөгөр”, “Барс”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1200 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1320 төгрөгөөр худалдаалж байна.
Хүнсний ногооны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 15.5 хувиар өсөж 986 төгрөг, лууван 16.8 хувиар өсөж 1412 төгрөг, байцай 11.5 хувиар өсөж 1489 төгрөг, хүрэн манжин 5.3 хувиар өсөж 1780 төгрөг, хятад сонгино 3.3 хувиар өсөж 1259 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.