Зөвхөн Монголд амьдардаг нэн ховор төрлийн баавгай бол мазаалай. Эх оронд нь ийм ховор, өвөрмөц амьтан амьдардаг гэдгийг бидний өвөг дээдэс дөнгөж 1920-иод оны үед сая нэг мэдэж авсан гэдэг. Жил ирэх тусам тоо толгой нь цөөрч, Улаан номд орсон мазаалайг маань биднээс гадна гадаадынхан ч бас сонирхон судалдаг бөгөөд мазаалайн нэрийг ашиглан аль хэдийнээ бизнес хийгээд эхэлчихжээ.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам 2013 оныг “Мазаалайг хамгаалах жил” болгож тэр үеэс мазаалай баавгайн талаар монголчууд ихээхэн мэдэх болсон. Мазаалайн хөшөөг босгож, загварын ертөнцөд мазаалайн зургууд харагдаж эхэлсэн нь дэлхийд түүнийг таниулах эхлэл болжээ.
Том Цогт хэмээх уран бүтээлч Италийн гутлын үйлдвэртэй хамтран “Мазаалай” загварын гутал үйлдвэрлэж, худалдаанд гаргажээ. Мөн Америкт нэгэн эмэгтэй мазаалайн зурагтай футболка хийн зарж, мөн ийм нэртэй дарс ч зарагдаж байгаа аж.
Дэлхийд хайрлагдсан панда баавгайн түүх ч ингэж эхэлж байсан нь саяхан.