Баасан гарагт Хөдөө аж ахуйн бирж (ХААБ) нийт 6.8 тэрбум төгрөгийн түүхий эд арилжлаа. Ингэснээр энэ долоо хоногийн туршид 57 орчим тэрбум төгрөгийн түүхий эд арилжаад байна.
Даваа гарагт арилжааны үнийн дүн бусад өдрөөс хамгийн өндөр буюу 18 орчим тэрбум төгрөгт хүрсэн бол бусад өдөр 6-13 тэрбум төгрөгийн хооронд арилжаа хийгдлээ. Энэ долоо хоногийн арилжааны 90 гаруй хувийг боловсруулаагүй цайвар болон бараан ноолуурын арилжаа бүрдүүлсэн байна. Боловсруулаагүй цайвар ноолуурын үнэ 124 орчим мянга, боловсруулаагүй бараан ноолуурын үнэ 122 мянган төгрөгт хадгалагдлаа. Энэ хоёр түүхий эдээс гадна хонины цайвар завод ноосыг даваа болон баасан гарагуудад арилжсан.
Нийт 53 орчим тонн хонины цайвар завод ноосыг кг тутмыг нь 2000 төгрөгөөр арилжсан. Энэ түүхий эдийн үнэ өнгөрсөн долоо хоногт тогтвортой байлаа.