THE AMERICAN CONSERVATIVE: ЧИНГИС ХААН АМЕРИКИЙН УЛСТӨРЧДИЙГ ЮУНД СУРГАЖ БОЛОХ ВЭ?

-Ухаалгаар удирдан жолоодох, тэр байтугай хүнлэг энэрэнгүй байх хэрэгтэй гэдгийг харгис ширүүн энэ жанжин, эрх баригч эзэн ойлгодог байсан-

Кейси Чок (CASEY CHALK)

Авраам Линкольн, Жорж Вашингтон, Уинстон Черчилль, тэр ч бүү хэл Барак Обама. Улс төрийн өнөөгийн ээдрээтэй нөхцөл байдалд америкчууд сэтгэл санаагаа сэргээхийн тулд олон олон түүхэн хүмүүсийг эргэн санаж, тэднийг судалж байна. Ялангуяа дөнгөж саяхан завсрын сонгууль болж өнгөрсний дараа ийм тохиолдол бүр ч элбэг болжээ. Гэхдээ би бидэнд улс төрийн гайгүй сайн хичээл нэг бусыг зааж болохуйц илүү гайхалтай нэгэн удирдагчийг саявтархан оллоо. Энэ бол Чингис хаан.

Би үнэнээсээ хэлж байна шүү.

Өмнө нь би түүхийн хичээл зааж байсан болохоор хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн нөлөө бүхий энэ хүний тухай маш бага мэддэг гэдгээ ухаарч, Жек Уэзерфордын “Чингис хаан” номыг ойрмогхон уншихаар шийдлээ. Судлаачдын үнэлгээгээр Чингис хааны ДНК манай гаригийн хүн амын 0,5 хувьд байдаг ажээ. Энэ бол түүний хаанчлалын түүхэн үр дагаврыг үнэлж болох хамгийн үлдэцтэй арга хэрэгслийн нэг байх. Гэхдээ энэ бол мөсөн уулын дөнгөж оройн хэсэг шүү дээ. Монголын агуу том цэргийн жанжин 13 дугаар зууны соёлт ертөнцийн асар том газар нутаг, хүн амын гуравны нэгийг байлдан дагуулсан. Тэрээр олон улсын шуудангийн анхны тогтолцоог буй болгосон. Эзэлсэн газар нутаг бүхэндээ шашин шүтэх бүх нийтийн эрх чөлөөг тэр тунхаглаж, түүний цэргийн зарим жанжин христийн шашинтнууд байсан.

Чингис хаан өөрийнхөө замд хөндөлссөн дайсан этгээдийг өршөөж хэлтрүүлдэггүй харгис ширүүн цэргийн жанжин байсан нь мэдээж. Тэр бүхэл бүтэн хотуудыг газрын хөрстэй тэгшилж, эзлэгдсэн жирийн хүн амыг нь дайн тулааны золиос болгон ашиглаж байсан. Гэхдээ хамгийн харгис цэргийн сод ухаантнууд (жишээлбэл, Наполеон) сод ухаантан чигээрээ л үлддэг бөгөөд тэд хүндрэл бэрхшээлийг хэрхэн давж туулан юуны хүчинд амжилт ялалтад хүрч байсныг бид харин эргэцүүлж бодох хэрэгтэй юм. Чингис хааны хувьд Азийн алс бөглүү газрын мухрын хаа нэгтээгээс гарч ирсэн энэ хүн дундад зууны хамгийн агуу том, догшин ширүүн цэргийн жанжин болж чадсан. Энэ бүхэн тохиолдлоор бий болоогүй. Эхэндээ Тэмүүжин нэртэй байсан Монгол Чингис хаан зөвхөн цэрэг дайны авьяаслаг стратегич төдийгүй маш хэрсүү ухаалаг улстөрийн удирдагч байжээ.

Хойд Азийн тал нутаг дахь тархай бутархай овог аймгуудыг нэгтгэж эрх мэдлээ бэхжүүлэхдээ тэр засаглалын уламжлалт бүтцийг доорос дээр хүртэл орвонгоор нь өөрчилсөн. Нэгэн овог дайнд түүний цэрэгтэй нэгдэж тулалдах амлалтаа биелүүлэлгүй Чингис хааны эзгүй хойгуур хуаран руу нь халдахад тэрээр урьд хожид байгаагүй алхам хийсэн байна. Тэр өөрийгөө залгамжлагч нарыг цуглуулж, хурилдай хэмээх ардын хурал зарлан хуралдуулж, тухайн овгийн язгууртан толгойлогчдыг нийтийн шүүхээр оруулж хэлэлцүүлжээ. Тэдний буруутай болохыг нийтээр хүлээн зөвшөөрмөгц хаан бусад язгууртнуудад цаашдаа тэднийг онцгойлж үзэх юм байхгүй гэдгийг харуулах, сургамж болгох үүднээс нөгөө буруутай этгээдүүдийг цаазлах зарлиг буулгажээ. Дараа нь тэр гэм буруутай тэр овгийн газар нутгийг эзэгнэж, овгоос үлдсэн бүхнийг өөрийн хүмүүст тараан өгчээ. Үүнийг тэр хүмүүсийг боолчлохын тулд биш харин эрхшээлдээ орсон ард түмнийг өөрийн мэдлийн үндэстний бүрэлдэхүүнд оруулах гэж хийжээ. Монголын лидер дайсны овгоос өнчирсөн хүүг өргөж авч, төрсөн хүүгийнхээ адилаар хүмүүжүүлэн бэлгэ дэмбэрлийн үлгэр дуурайл үзүүлжээ.

Уэзерфорд үүнийг тайлбарлахдаа “Хүүхэд өргөж авсан нь уян зөөлөн сэтгэлээс үү, эсвэл улс төрийн шалтгаанаар уу гэдэг нь чухал биш. Хуурай ураг төрлийн замаар ч гэсэн өөрийнхөө залгамжлагчдын нэгдэл нягтралд ийм үйлдлийн бэлгэ дэмбэрлийн хийгээд практик ашиг тусыг зохих ёсоор ойлгох ёстойг Тэмүүжин өөрийн биеэр үзүүлсэн” гэжээ. Мөн ийм тэнцвэржүүлэх стратегийг Чингис хаан өөрийнхөө цэрэг дайчдын дунд овог аймгууд өөр хоорондоо нэг нь нөгөөгийнхөө дээр гарах гэж тодорч ялгарахаас сэргийлэн хэрэглэж байжээ. Жишээлбэл, нийтийн ажил үйл хэрэгт бүгд оролцох ёстой байсан. Уэзерфорд цааш нь “Нэг язгуур угсааны эсвэл нэг овог аймгийн нийтлэг нэр хэрэглэхийн оронд Тэмүүжин өөрийнхөө залгамжлагчдыг эсгий туургатан ард түмэн гэж байн байн нэрлэдэг байсан нь өөрсдийнхөө гэрийг босгож барьдаг материалыг илүү чухалд үзэн онцолж байжээ” гэсэн байна.

Америк бол зөвхөн намаар талцах төдийгүй арьсны өнгө, хэл яриагаар хуваагдаж тарсан бутарсан байдалтай байна. Технократ элитүүд болон ажилчин гаралтай жирийн хүмүүсийн хоорондын ялгаа улам л их болсоор. Эдгээр ялгаа зөрчлийг дэвэргэх бодлогыг хоёр нам хоёулаа явуулахын хамт үүнийг өөрсдийн улс төрийн ашиг хонжоо болгох явдал элбэг байна. Эдгээр зөрчил ялгаа ямар ч хэлбэртэй байсан удам угсаа, шашин шүтлэг, хэл ярианы хамааралд үндэслэсэн бодлого, сонгуулийн өмнөх заль мэх зэргээс шалтгаалан үүсч байгаа зөрчил ялгаа нь нийтлэг, нэгдсэн Америк гэх үзэл санаанаас үлдэж хоцорсон бүхэнд засч залруулахын аргагүй хор хохирол учруулж байна. Улс төрийн шилдэг удирдагчид гэдэг бол төгс төгөлдөр биш ч гэсэн үндэстэнд байгаа маш олон ялгааг давж алхах боломжийг эрж олж, нийгмийн байдал, эрх ямбаас үл хамааран нийтийн үйл хэрэгт хандуулахын тулд хүнийг иргэн болгож, нийгмийн хариуцлага төлөвшүүлдэг үйл ажиллагаанд оролцуулахаар бүх хүнийг уриалан дууддаг хүмүүс билээ.

Чингис хаан хүмүүсийг өөрийн гэр бүл, нийгэмлэгтэй ямар ч холбоо харилцаагүй салангид тусдаа бодгалиуд биш харин салшгүй барилдлагаар нэгдсэн нийгмийн гишүүд хэмээн харж ойлгодог байжээ. Жишээлбэл, ганц бие хүн гэр бүл, илүү томоохон нийгэмлэгийн хүрээнээс гадуур хууль ёсоор оршин байх боломжгүй. Тийм учраас өөрийнхөө гишүүдийн зөв зан үйлийн төлөө гэр бүл хариуцлага хүлээдэг байжээ. Шударга монгол хүн байхын тулд шударга нийгэмлэгт тэр хүн амьдрах ёстой байв”. Энэ бол үнэн хэрэгтээ нийгмийн суурь байгууламж бол бодгаль (индивид) өөрийнхөө гэр бүл, хамаарч байгаа ойрын нийгэмлэгийнхээ гишүүдийн төлөө хариуцлага хүлээнэ гэсэн хэрэг байлаа. Гэр бүлийн хэн нэг нь гэмт хэрэг үйлдвэл тухайн гэр бүл, эсвэл ураг төрлийг бүхэлд нь маш нарийн шалгаж нягталдаг байв. Ийм схем тийм ч сайн зүйл биш боловч гэр бүлийн барилдлага хэдийчинээ бат бөх байх тусам нийгэм бүхэлдээ илүү хүч чадалтай, илүү нэгдмэл байна гэсэн энгийн үнэнийг Чингис хаан гүнзгий ойлгож байсныг тусган харуулж байна. Улстөрчид яг л ийм жишиг маягаар нийгмийн үндэс суурь болсон гэр бүлийг задарган бутаргах бус харин дэмжиж, бэхжүүлэх бодлого явуулах ёстой.

Чингис хаанаас зөв мэргэн ухааны бусад олон жишээг олж болно. Тэрээр эзэнт улсынхаа нутаг дэвсгэрт аж ахуйн асуудлыг юуны өмнө орон нутгийн төвшинд шийдэх ёстой хэмээх эртний зарчим (субсидиарность) ёсоор орон нутгийн онцлог, уламжлал ихээхэн ач холбогдолтойг хүлээн зөвшөөрдөг байсан. Уэзерфорд “Нийтээр дагаж мөрдөх дээд хууль болсон “Их засаг”-т харшлахгүй бол оршин суугаа газрынхаа уламжлалт эрх ёсны хэм хэмжээг дагаж мөрдөхийг хүн амд зөвшөөрдөг байжээ” хэмээн тэмдэглэжээ. Үүнд төр улсын удирдагч нарт чухал зорилтын нэг болсон бүхнийг нийтлэг нэг хэмжүүрээр харж үнэлэх бус, харин нутгийн эрх барих байгууллага, нутгийн эдийн засгийг хүндэтгэх, тэр бүү хэл сайшааж урамшуулах асуудал оршиж байна.

Үүнээс гадна Чингис хаан хүрээлэн буй байгаль орчныг хамгаалагч байсан бөгөөд зэрлэг амьтдын ороо орох, төллөж үржих үе буюу гуравдугаар сараас аравдугаар сар хүртэлх хугацаанд ан ав хийхийг хориглосон зарлиг гаргаж байжээ. Ингэж тэрээр монголчуудын төрөлх эх нутгаа тогтвортой хамгаалж хөгжүүлэх, тэдний аж төрөх ёс жаягийг хангасан байна. Тэрээр бас нийгмийн хүрээнд шашин шүтлэг чухал гэдгийг хүлээн зөвшөөрч, шашны тэргүүнүүд, тэдний өмч хөрөнгийг татвараас чөлөөлөхийн зэрэгцээ нийтийн ажил үйлд оролцохыг албаддаггүй байжээ. Яваандаа тэр түшмэл, авсчин, эмч, хуульч, багш, эрдэмтэн зэрэг чухал мэргэжилтнүүдийн талаар мөн ийм арга хэмжээ авсан. Бидний үед эдгээр мэргэжилтний зарим нь ажлын хангалттай сайн цалин хөлс авдаг хэдий ч зарим нэг нь, жишээлбэл, багш нар татварын хөнгөлөлт эдэлбэл сайн байх сан.

Чингис хаан бол цуст ул мөр үлдээсэн харгис хэрцгий хүн байсан гэдэгт эргэлзэх зүйл байхгүй. Гэхдээ харгис ширүүн зан байдлын зэрэгцээ түүнд даян дэлхийн түүхэнд агуу том эзэнт гүрэн байгуулж чадсан улс төрийн гүнзгий хэрсүү гярхай чанар бас байжээ. Тэрээр овог аймгийн толгойлогчоо хүндлэн дээдэлдэг уламжлалаас зайлсхийж эгэл жирийн хүнийг эрхэмлэдэг байсан; янз бүрийн улс үндэстнүүдийг нэгдмэл нэг тугийн дор нэгтгэх бодлого явуулж байсан; өстөн дайснаа энэрэн хайрлах сэтгэл гаргаж, газар нутгийг галдан шатаах бодлогоос тэр олон удаа татгалзаж байжээ. Дайсны хотууд монголчуудын өмнө төвөг удалгүй бууж өгсөн тохиолдолд оршин суугчид нь аж амьдралдаа онцын өөрчлөлт мэдэрдэггүй байсныг хэлэх хэрэгтэй. Уэзерфордын тэмдэглэснээр Чингис хаан насан өөд болохын өмнө хөвгүүддээ үүнийг захиж сургамжлахыг хичээжээ. Тухайлбал “Эзэн хүний хувьд хамгийн гол нь өөрийгөө хянах чадвар, бардам зангаа дарах чадвар гэдгийг сургамжилж байжээ. Тэрээр бардам зангаа дарна гэдэг заримдаа зэрлэг арсланг номхотгохоос хэцүү, уур хилэнгээ ялан дийлэх нь аварга бөхийг далаар нь тавихаас амаргүй. “Ихэмсэг зангаа дарж чадахгүй бол төр улсыг удирдан жолоодож чадахгүй” хэмээн Чингис хаан анхааруулж байжээ. Тэрээр хөвгүүдээ өөрийгөө хэзээ ч хамгийн ухаантай, хамгийн хүчтэй гэж бүү тооц хэмээн захиж сургажээ. Зэрлэг амьтад хамгийн өндөр уулыг ч хөлийнхөө ул тавхайгаар гишгэлдэг. Харин оройд нь гарсан хойноо л сая тэрхүү зэрлэг араатан бүхнээс дээр гарна” гэжээ.

Америкийн улстөрчид магадгүй, эцэс төгсгөлгүй оноо авах гэж хөөцөлдөхийн оронд агуу их хааны сургамж сургаалаас санаа авсан бол бид ядахдаа аймшигтайгаар цус урсгалгүйгээр нийт үндэстнийхээ хэмжээнд тодорхой амжилтанд хүрэх байсан биз ээ.

Зууны мэдээ

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих