economy

Эдийн засагч М.Тулгатын онцлох 9 эшлэл

“Зууны мэдээ” сонины нэгдүгээр сарын 21-ний дугаарт нийтлэгдсэн “Leaderships forum” булангийн зочин эдийн засагч М.Тулгатын  боловсрол, уул уурхай, хотын хөгжлийн талаарх онцлох есөн эшлэлийг хүргэж байна.

Нэгдүгээрт: 

Уул уурхайн салбарын хөгжил гэхээс илүүтэй, тэндээс орж ирэх орлогыг харин яаж зарцуулах, хуваарилах, хяналт тавих, засаглалаа яаж авч явах вэ гэдэг маань өнөөдрийн тулгамдсан асуудал болчихоод байна. Тэгэхээр сүүлийн хэдэн жил яригдсаар байгаа баялгийн сан буюу Sovereign wealth fund бол Монголд зайлшгүй шаардлагатай. Энэ сангаар дамжуулж уул уурхайн бус салбарт хөрөнгө оруулалт хийж хөгжүүлэх, мөн зах зээлийн савалгаанаас улс орны эдийн засгийг хамгаалах боломжтой болно.

Хоёрдугаарт: 

-Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс”, орон нутгийн “Тавантолгой” тэднийг тойрсон гэрээт болон туслан гүйцэтгэгч маш олон компаниуд ажиллаж байна. Монголын эдийн засгийн нэг гол хөдөлгүүр энэ сумын нутаг дэвсгэрт байхад тухайн сумын төв маань өөрөө бусад жирийн сумын төвийг бодвол хэмжээний хувьд 2-3 дахин том, гэхдээ л “сумын төв” хэвээрээ, хөгждөггүй.

Гуравдугаарт: 

Эдийн засгийн үйл ажиллагааны цар хүрээгээр нь авч үзвэл маш гоёмсог хот суурин газар босох зах зээл нь болоод эдийн засгийн хөдөлгөөн, зангилаа нь байна. Харамсалтай нь манай тогтолцооны асуудал гол буруутан нь гэж хардаг. Тэгэхээр эдгээр эдийн засгийн потенциал өндөртэй суурин газрууддаа яаралтай хотын тусгай статус олгож, төсвийн болон удирдлагын хувьд харьцангуй бие даасан шийдвэр гаргадаг болгож тусгайлсан бодлогоор хөгжүүлэх хэрэгтэй. XXI зуунд Улаанбаатараас авахуулаад том, жижиг хэдэн тосгонтой л болж байна.

Дөрөвдүгээрт: 

-Энэ хэлээд байгаа тосгонуудыг хот болгон хөгжүүлэхийн тулд эхлээд татварын тогтолцоог яаралтай өөрчлөх хэрэгтэй. Учир нь том ч бай, жижиг ч бай хот суурин газар өөрөө бие даан хөгжих, хотжих боломж нь тэдний өөрсдөө захиран зарцуулах төсөвтөө баригдаад хаагдчихдаг.

Тавдугаарт: 

-Манайх татварын төвлөрсөн тогтолцоотой орон. Түүнийг нэг мөр задлах хэрэггүй байж болно. Харин цөөн тооны стратегийн хот суурин газартаа тусгай статус бий болгоод, тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ-ийн нэг хэсгийг нь захиран зарцуулах эрхтэйгээр үлдээдэг болгон өөрчлөх боломжтой. ААНОАТ, НӨАТ зэрэг эдийн засаг, бизнесийн үйл ажиллагаанаас бүрддэг татварын тодорхой хэсэг нь орон нутагтаа үлддэг бол орон нутгууд тухайн газар орондоо бизнесийг дэмжих, компаниудыг татах сэдэл, сонирхолтой болно.

Tulgat

Эдийн засагч М.Тулгатын онцлох есөн эшлэлийг хүргэж байна

Зургаадугаарт: 

-Манай улс нэн яаралтай багш нарын цалинг нэмэх, нийгмийн баталгааг нь сайжруулах шаардлагатай. Цалин, хангамж сайн байж л энэ салбарт сайн хүмүүс цуглана. Харин ч манай багш нар боломжийн ажиллаж байгаа. Би нийслэлийн төлөөлөгчийн хувьд тойргийнхоо сургуулиудаар явах шаардлага гардаг. Багш нар, сургуулийн удирдлагууд боломж бололцоондоо тулгуурлаад эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна.

Долоодугаарт: 

-Багш нарын цалин, нийгмийн үнэлэмж бага байхад бид тэднээс юу нэхэх юм бэ. Сурагчаасаа, тэдний эцэг эхчүүдээс тодорхой үнэлэмж, хүндлэл хүлээж чадахгүй байгаа багшаас хүүхэд юу сурах вэ гэдэг асуудал гарч ирнэ.

Наймдугаарт: 

-Цалин нэмсэнээр инфляци хөөрөгдөх нөхцөл болно гэж харж байгаа бол өөр бусад урамшуулал, мөн нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх бусад хөшүүргийг ашиглаж болно. Жишээлбэл,10 жилээс дээш ажилласан багшид урьдчилгаа мөнгийг нь улсаас дааж, орон сууны зээлэнд хамруулах гэх мэт.

Есдүгээрт: 

-Өнгөрсөн жил би Европын хэд хэдэн орноор явж боловсролын салбарынх нь үйл ажиллагаатай танилцсан юм. Тэгэхэд багш нар нь хувийн компанийн дунд шатны менежерийн цалингийн төвшнөөс дээгүүр хэмжээнд цалинждаг юм билээ. Зарим хүн төрөлхийн багшлах дур сонирхолтой, авьяастай байдаг. Манай гэр бүл багш гаралтай учраас би сайн мэднэ. Маш олон сайн багш болох байсан хүн өнөөдөр өөр ажил хийгээд явж байна. Сайн багш өнөөдөр уурхайд жолооч хийгээд явж байна. Цалин нь гурав дахин өндөр учир хүн амьдралаа л бодно. Бид багш нарыгаа ингэж үнэлчихээд, өөрөөр хэлбэл ирээдүйдээ ийм хэмжээнд хөрөнгө оруулалт хийчихээд, яаж гэрэлтэй ирээдүйг, үсрэнгүй хөгжлийг найдаж чадна вэ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих