Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг Цагаан цахирын алтны үндсэн ордыг эзэмшдэг “Спэйшл майнз” компанийн уурхайн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ.
Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Ц.Болорчимэг, байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Дарханбаяр, авто тээвэр (өргөх механизм)-ийн хяналтын улсын байцаагч Д.Магвансүрэн, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Г.Гантуяа нар тус уурхайд төлөвлөгөөт бус шалгалт хийжээ.
Уг шалгалтаар Цагаан цахирын уурхайд хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахуйц нөхцөл байдал үүссэн хэмээн үзэхээр олон зөрчил, дутагдал илэрсэн тул үүнийг арилгах хүртэл уурхайн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байна.
ШАЛГАЛТААР ОЛОН НОЦТОЙ ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ
“Спэйшл майнз” компанийн зүгээс уурхайн дарга Пол Тиллэй, кэмп менежер Ж.Дуламсүрэн, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн Б.Болдбаатар, хүний нөөцийн ажилтан О.Хувьтөгөлдөр, байгаль орчны мэргэжилтэн А.Мөнхтэмүүлэн, уурхайн инженер О.Бямбацогт нарыг байлцуулан хийсэн дээрх төлөвлөгөөт бус шалгалтаар олон дутагдал илэрсэн байна.
Тухайлбал, байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын чиглэлээр л гэхэд хөрсний шинжилгээгээр илэрсэн сөрөг нөлөөллийг арилгах, бууруулах арга хэмжээ аваагүй, тухайн жилд ашиглах усны дүгнэлтгүй, эрхийн бичиггүй, ухаж ачих ажлын паспортыг баталгаажуулаагүй, далд уурхайд ажиллаж буй ачаа зөөх төхөөрөмжийн ган татлага гэмтэлтэй, троссын сүлжээс тасарсан, ашиглаж буй уурхай болон ашиглалтын түвшин, блок бүрт галын аюулаас хамгаалах тухай төсөлгүй, уурхайн гүн дэх ус уух цэг нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй, усны нөөцгүй гэжээ.
Эдгээр нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний болон Усны тухай хууль, Уулын ажлын төлөвлөгөө, Хүдрийн далд уурхайн аюулгүй байдлын дүрмийг зөрчсөн үйлдэл аж.
Мөн авто тээврийн хяналтаар ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагааг хариуцах хүнгүй, ажил гүйцэтгэх төсөл, технологийн картыг боловсруулж мөрдөөгүй, техникийн паспортыг бүрэн хөтлөөгүй, ашиглалтад орсон он, бусад мэдээллийг тэмдэглэсэн пайз, самбаргүй байгааг илрүүлжээ. Энэ нь ачаа өргөх манипуляторт кран чирэх замыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах зэрэг уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд зайлшгүй мөрдөх ёстой дүрмийг үл хайхарсан, хариуцлагагүй байдлын илэрхийлэл билээ.
Түүнчлэн хөдөлмөрийн хяналтаар ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилготой эрсдэлийн үнэлгээ хийдэггүй, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, үйлдвэрлэлийн орчинд учирч болох аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилготой осолд дөхсөн тохиолдлыг судалж, бүртгэх ажлыг орхигдуулсан, оосорлох хэрэгслийн туршилт, даралтат сав ашиглах зөвшөөрөл, металлын шинжилгээ, баталгаажуулалт хийгээгүй зэргээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн нь илэрчээ.
~”Спэйшл майнз” компанийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ /Өнөөдөр сонин/~
“ХООСОН БУУ ХОРИН ЖИЛДЭЭ НЭГ ДУУГАРДАГ” ГЭЭД ЗОГСОЖ БАЙХ ВИЙ
Уурхайн гүн бол хамгийн эрсдэлтэй ажлын байр. Аюулгүй ажиллагааны дүрэм, журам, хөдөлмөрийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж ажиллахгүй бол жижигхэн алдаа, ганц хормын болгоомжгүй үйлдэл хожим харамсаад ч барахгүй үр дүнд хүргэсэн түүх энэ салбарт олон. Тийм ч учраас уул уурхайн салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал нэн чухалд тооцогддог.
Гэтэл Монголд томоохонд тооцогдох үндсэн ордод үйл ажиллагаа явуулдаг, гадаадын хөрөнгө оруулалттай хэмээн “томордог” “Спэйшл майнз” компани аюулгүй ажиллагааны дүрэм, журам, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн үл ойшоож, ажилчдаа аюултай нөхцөлд ажиллуулж буйг дээрх шалгалтаар илрүүлсэн зөрчил, дутагдлууд бэлхэн хэлээд өгч байна.
Цагаан цахирын ордод үйл ажиллагаа явуулдаг уг компанийн баяжуулах үйлдвэрт өнгөрсөн хавар цианидын уусмал алдагдаж, гурван ажилтан нь хордсон. Ажилчид нь үүргээ гүйцэтгэж яваад ажлын байрандаа хордчихоод байхад компанийн зүгээс “Цианидад хордоогүй. Угаартсан юм уу, хоолны хордлого ч байж магадгүй” хэмээн өөрсдөөсөө зайлуулахаар баахан мэлзээд, эцэст нь аргагүйн эрхэнд цианидад хордсон гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн билээ.
Ингэхдээ зүгээр ч үгүй, баяжуулах үйлдвэрийн хорны шахуурга “өөрөө” ажилласныг, хорт бодис 30 минутын турш ямар ч хяналтгүй асгарч байхад цианидын өрөөний мэдрэгч детектор ажиллаагүйг “Аюулгүй ажиллагааны дүрэм, журам зөрчигдсөн гэж үзэх боломжгүй” гэсэн дүгнэлт, “Хордсон ажилчид амны хаалтаа зүүгээгүй нь хууль зөрчжээ” гэсэн өөр нэг дүгнэлт гаргуулж, компанид үүсгэсэн хэрэг бүртгэлтийн хэрэгт нотлох баримт болгосон байдаг.
Ингээд ажлаа хийж яваад тус компанийн хариуцлагагүй байдал, найдваргүй, бүрэн бус техник хэрэгслийн балгаар цианидын хийд хордсон залуус буруутан болох шахаж, хэрэг нь замхарсан юм.
Цианид асгарсан, түүнд нь хүмүүс хордсон тухай сурвалжилж явахад минь тус компанийг төлөөлж бидэнтэй уулзсан хүн “Хоосон буу хорин жилдээ нэг дуугарна гэдэг л боллоо. Түүнээс биш манай компани маш хариуцлагатай ажилладаг, бүх зүйл ном журам, стандартын дагуу яваа” хэмээж байв. Харин аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн сүүлчийн шалгалт тэднийхийг яриад байсан шигээ хариуцлагатай, өндөг шиг өөгүй газар биш гэдгийг ил болголоо.
Илэрсэн зөрчлийг нь яаралтай арилгуулж, Монгол Улсад мөрддөг хууль, дүрэм, журам, стандартыг хэрэгжүүлж ажилладаг болгохын төлөө хараа хяналт тавьж, шахаж шаардахгүй бол дараа юу ч болсон энэ үгээ хэлээд сууж байх вий.