Хатан хааны гэр бүлийнхэн зул сарын баяраар Сандрингем дахь сүмийн ёслолд оролцжээ. Английн зүүн хэсэгт байрлах Норфолк муж дахь хатан хааны эдлэнд байрлах Мария Магдаленагийн сүмд жил бүрийн зул сарын баяраар хатан хааны гэр бүлийнхэн очиж, зул сарын мөргөл залбирал үйлддэг юм. Уламжлалт зул сарын баярын мөргөл залбирал, сүмийн арга хэмжээнд энэ жил 2-р Елизавета, Эдинбургийн гүн Филипп, ач хүү, ханхүү Уильямын гэр бүл оролцжээ.
Энэ жилийн зул сарын баярын уламжлалт мөргөлд хатан хааны зээнцэрүүд болох ханхүү Уильямын хүүхдүүд- ханхүү Жорж, гүнж Шарлотт нар анх удаа оролцжээ. Тэд эмэг эхийнхээ хамтаар зул сарын баярын сүмийн ёслолд оролцсон нь олны анхаарлыг ихэд татсан байна. Түүнчлэн Их Британийн үе залгамжилсан хунтайж Чарльз сүмийн ёслолд гэргий Корнуоллын ахайтан Камиллагийн хамтаар оролцжээ.
Харин хоёр жилийн өмнөөс элдэв олон нийтийн арга хэмжээнд оролцохоос татгалзах болсон Эдинбургийн гүн Филипп оролцоогүй байна. Тэрээр өнгөрсөн баасан гарагт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, зул сарын баярын өмнө эмнэлгээс гарчээ. Норфолк мужийн Сандрингем тосгоны сүмийн ёслолын ажиллагааг орон нутгийн цагаар өглөөний 11 цагаас эхлэн шууд дамжуулан үзүүлэхийн зэрэгцээ Мария Магдаленагийн сүмийн дэргэд олон хүн ирж, хатан хааныхаа гэр бүлтэй мэндчилжээ.