278

Ипотекийн зээлийн санхүүжилт хоёр дахин өсжээ

Монголбанк орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд энэ оны эхний 4 сарын байдлаар нийт 114 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1700 гаруй иргэнд олгоод байна.

Үүнээс Төвбанкны эх үүсвэрээр 63 тэрбум төгрөг, Засгийн газраас 25 тэрбум, банкуудаас 25 тэрбум төгрөгийг тус тус олгожээ. Санхүүжилтийг өнгөрсөн оны энэ үеийнхтэй харьцуулбал хоёр дахин өсөөд байна.

Манай улсыг хамруулаад буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд ОУВС-гаас Монголбанкийг ипотекийн зээлийн хөтөлбөр болон бусад төсвийн шинж чанартай төсөл хөтөлбөрөөс гарахыг шаардсан. Гэсэн ч Монголбанк ипотекийн зээлийн хөтөлбөрийн нийгмийн талын ач холбогдлыг харгалзан үзэж 2019 оныг дуустал ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газартай хамтран хэрэгжүүлэхээр тохироод байгаа юм. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн онд УИХ болон УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны тогтоол, Засгийн газрын орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам зэрэг нэлээд хэдэн эрх зүйн баримт бичиг шинээр баталсан. Эдгээр баримт бичигт Засгийн газраас банкуудад олгох ипотекийн зээлийн эх үүсвэрийн хүүг нэг хувь болгон бууруулж, банкуудын эх үүсвэрийг татан оролцуулах, зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлийг Монголбанкинд өгсөн юм.

Нөгөө талаас, Төвбанк холбогдох эрх зүйн баримт бичигт өөрчлөлт оруулж, хөтөлбөрт оролцогч бүх талын саналыг бүрэн тусган энэ онд хөтөлбөрийн нийт санхүүжилтийн хэмжээг 145 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ. Улмаар зээлдэгчийн тоог хоёр дахин нэмж, 7100 гаруйд хүргэх боломж бий болоод байгаа аж.

Цаашид Монголбанк, Засгийн газар болон банкуудын өөрийн эх үүсвэрээр энэ тавдугаар сард нийт 56 тэрбум төгрөг, зургадугаар сараас эхлэн он дуустал сар бүр 36 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ипотекийн зээлийн хөтөлбөрт олгох талаар Монголбанкнаас мэдээлж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих