Хүний бие махбодь хэрэглэсэн хоол хүнснийхээ ихэнхийг нь глюкоз (чихрийн нэгэн төрөл буюу сахар) болгон хувиргадаг. Харин инсулин нь глюкозыг цуснаас эс рүү орох боломжийг олгогч, нойр булчирхайд үүсдэг даавар юм. Чихрийн шижин өвчний үед хүний бие махбодид инсулин хангалттай хэмжээгээр боловсорч чаддаггүй байна. Энэхүү өвчний үед глюкоз буюу сахар нь биеийн эсэд шингэхийн оронд хүний цусанд хуримтлагддаг. Цусан дахь сахарын хэмжээ хэт их байх нь зүрх, мэдрэл, бөөрийг гэмтээдэг.
ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНИЙ ХЭЛБЭРҮҮД
Нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижин: Инсулины туйлын дутагдал (нойр булчирхайн үйл ажиллагаа алдагдсанаас үүснэ). Үүний улмаас цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг инсулин нэртэй дааврыг ялгаруулахаа больдог.
Хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин: Инсулины харьцангуй дутагдал (инсулины ялгаралт хэвийн ч биеийн эсүүд түүнийг мэдрэхээ болихыг хэлнэ). Чихрийн шижин өвчтэй гэж оношлогдсон хүмүүсийн 90-95 хувьд энэ хэв шинжийн чихрийн шижин тохиолддог.
Цусан дахь сахарын хэмжээ их байгаагаа хэрхэн мэдэх вэ?
Цусан дахь сахарын хэмжээ ихсэх нь зөв хооллож, инсулиныг тогтмол хэрэглэсэн үед ч тохиолдож болдог. Цусны сахарын хэмжээ 15 ммол/л-ээс их бол “маш их” гэж үзээд, анхаарал хандуулах хэрэгтэй. Нэг удаа хооллохдоо хэт их хоол идэх, өвчин тусах, дааврын өөрчлөлтөд орох, бухимдах зэрэг нь цусны сахарын хэмжээнд нөлөөлдөг. Энэ үед доорх шинж тэмдгээс илэрнэ. Үүнд:
-Ойр ойрхон шээс хүрэх
-Ам ихээр цангах
-Нүд бүрэлзэх
-Хэт ядрах
Чихрийн шижин нь цусны судас нарийсах, хатуурах гол шалтгаан болдог. Ингэснээр дараах хүндрэлүүд гарна.
-Нүдний эмгэг
-Бөөрний эмгэг
-Цус харвалт
-Зүрхний өвчин
Хэрэв цусан дахь сахарын хэмжээ байх ёстой хэмжээнээсээ их байвал хэвийн байдалд оруулахын тулд хурдан үйлчилгээтэй инсулиныг нэмэлт тунгаар хэрэглэх ёстой. Эмч сахарын хэмжээг бууруулах зорилгоор хэрэглэх инсулины хэмжээг тогтоож өгнө.
Цусан дахь сахарын хэмжээгээ хэт бага байгааг хэрхэн мэдэх вэ?
Чихрийн шижинтэй хүмүүсийн цусан дахь сахарын хэмжээ хэт бага байх нь элбэг тохиолддог. Цусны сахарын хэмжээ 4 ммол/л-ээс бага байвал маш бага гэж үзээд, анхаарлаа хандуулах хэрэгтэй. Дараах шинж тэмдэг илэрнэ. Үүнд:
-Хэт ядрах
-Ойр ойрхон зогисуулах
-Ярих, сэтгэх чадвар буурах
-Булчингийн зохицуулалт алдагдах
-Хөлрөх
-Шөрмөс татах
-Булчингийн таталт өгөх
-Бие суларч, хүч тамиргүй болох
-Царай зэвхийрэх
-Ухаан балартах/алдах
Чихрийн шижинтэй хүмүүсийн цусны сахарын хэмжээ бага бол хамгийн багадаа 15 грамм, нүүрс ус агуулсан, хурдан шингэх хоол хүнсийг байнга авч явбал зохистой. Илэрч буй шинж тэмдгийг багасгаж, эрч хүчийг нэн даруй сэргээх үйлчилгээтэй зарим хүнс, хүнсний бүтээгдхүүнээс дурьдвал:
-хийжүүлсэн содтой ус – 1/2-ээс 3/4 аяга
-жимсний шүүс – 1/2 аяга
-жимс- Хоёр хоолны халбага үзэм
-сүү- Нэг аяга
-чихэр- Таван ширхэг
-глюкоз уухаар- Гурван ширхэг эм (тус бүр 5 грамм)
ТА ЮУ ХИЙХ ЁСТОЙ ВЭ?
Алхам 1:Глюкометрээр цусны сахарын хэмжээгээ шалга.
Алхам 2: Хагас аяга жимсний шүүс уух, 2-3 цайны халбага элсэн чихэр, зөгийн бал идэх,
гурван ширхэг ёотон, эсвэл чихэр идэх, дээрх чихэрлэг зүйлээс аль нэгийг нь хурдан хэрэглэж, цусныхаа сахарын хэмжээг нэн даруй ихэсгэх арга хэмжээг авна.
Алхам 3: 10-15 минут хүлээж, биеийн байдлаа сайжрах эсэхийг хар.
Алхам 4: Хэрвээ биеийн байдал сайжирсан бол талх, жигнэмэг зэргийг идэж, аажмаар ердийн хоол хүнсэндээ шилжин орно.
Алхам 5: Хэрвээ биеийн байдал сайжрахгүй, цусны сахарын хэмжээ 4 ммол/л-ээс бага хэвээр байвал чихэрлэг хүнсний зүйлээс дахин нэгийг хэрэглээд, өөрийнхөө эмчид яаралтай хандаж, зөвлөгөө аваарай.
ГЭРИЙН НӨХЦӨЛД САХАРЫГ ХЯНАХ НЬ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?
Гэрийн нөхцөлд сахарыг хянах нь чихрийн шижин өвчний үед авах маш чухал арга хэмжээ юм. Цусны сахарын хэмжээг зохих түвшинд байлгаж чадвал ирээдүйн ноцтой хүндрэлүүдээс сэргийлэх болно.
Чихрийн шижинг хянахын тулд та өөр ямар шинжилгээ хийлгэх шаардлагатай вэ?
-Цусанд HbA1c-ийг илрүүлэх шинжилгээ
-Артерийн даралт үзэх
-Цусны липидийг тодорхойлох шинжилгээ
-Шээсэнд уураг тодорхойлох
Чихрийн шижинг хянах алхмууд:
Чихрийн шижинг сайтар хянаснаар хүндрэлээс сэргийлж, хэвийн, эрч хүчтэй амьдрах боломжийг олгоно.Үүнд:
-Өөрийнхөө шинжилгээний үзүүлэлтүүдийг мэдэх, тогтмол тэмдэглэх
-Гэрийн нөхцөлд цусны сахараа хэмжих
-Эмчийн зааврын дагуу эмчилгээг хийлгэх
-Байнгын хяналтад байж, заасан хугацаанд тогтмол үзүүлэх
-Биеийн жингээ тогтмол барьж, БЖИ 18 кг/м2-аас багагүй, 24.9 кг/м2-аас ихгүй байх
-Зөв зохистой хооллох
-Идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэх (долоо хоногийн таван өдөр, өдөр бүр 30 минут идэвхтэй хөдөлгөөн тогтмол хийх)
-Тамхи татахгүй байх
Чихрийн шижинг хэрхэн эмчлэх вэ?
Эм уух, эсвэл инсулин тарьж эмчилнэ.
Анхааруулга: Эмчийн зааврын дагуу эмчилгээ хийх нь маш чухал. Эмчилгээг эхлэх үед зарим гаж нөлөө гарч болно. Эмчилгээний явцад илэрсэн гаж нөлөөний талаар эмчдээ хэлэх хэрэгтэй. Эмчилгээг үргэлжлүүлэх эсэхийг эмч шийднэ.