“Монос хүнс” компанийн анхдагч зах зээлийн арилжаа өнөөдрөөс /2019-04-22/ эхэлж байна. Тус компанийн хувьцааг сонирхож байгаа хөрөнгө оруулагчид тавдугаар сарын гуравны өдөр хүртэл захиалгаа өгөх боломжтой.
“Монос хүнс” компани хувьцааныхаа 30 хувийг буюу 122.6 сая хувьцааг, нэг бүрийг нь 70 төгрөгөөр санал болгож байгаа юм. Ингэснээр 8.6 орчим тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр зорьж байна. Татан төвлөрүүлсэн хөрөнгөөр эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэр байгуулахаар төлөвлөж байгаа ажээ. Ингэснээр үйлдвэрийн хүчин чадал нь 24 дахин нэмэгдэхээс гадна 32 нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэнэ гэж тооцоолж байгаа юм байна. 2022 он гэхэд дотоодын ус болон биологийн идэвхт бүтээгдэхүүний зах зээлийн 15-20 орчим хувийг дангаараа бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа аж. Зөвхөн дотоодын зах зээлээр хязгаарлахгүй гадаад зах зээлд эзлэх байр сууриа тэлэх зорилготой байна.
Одоогоор Япон, БНХАУ-ын зах зээлд “Эко” уусдаг цай, “Berry Vit” зэрэг бүтээгдэхүүнээ экспортолж байгаа юм. “Монос” группийн хувьд 20 гаруй охин компанитайгаар олон салбарт үйл ажиллагаа явуулдаг. Энэ дундаас хамгийн ирээдүйтэй, том зах зээлтэй, хамгийн их хөрөнгө оруулалт шаардсан, өндөр ашиг орлоготой компани бол “Монос хүнс” компани гэж “Монос” группийн Ерөнхийлөгч мэдээлсэн юм.
Ийнхүү он гарсаар гурав дахь шинэ бүтээгдэхүүн хөрөнгийн захад мэндэлж байна. “Монос хүнс” компанийн IPO-оос өмнө ард “Кредит” ББСБ, “Түмэн шувуут” зэрэг компаниуд нийт 15 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хөрөнгийн захаас босгоод байгаа юм. “Монос хүнс” компанийн андеррайтераар “Голомт капитал” ҮЦК ажиллаж байгаа бөгөөд тус компани он гарснаас хойш дөрвөн сарын хугацаанд хоёр дахь IPO дээрээ ажиллаж байна.