Үндэсний статистикийн хорооны танилцуулснаар 2018 оны дөрөвдүгээр улирлаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 161 мянган төгрөгөөр өссөн байна.
Нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлого 2018 оны IV улиралд 1.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 77.7 мянган төгрөгөөр мөн өссөн үзүүлэлттэй байна.
Гэвч нөгөө талд өрхийн сарын дундаж зарлага 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 117.6 мянган төгрөгөөр өсжээ. Өөрөөр хэлбэл, өрхүүдийн зардал орлогоосоо давсан хандлага хэвээр үргэлжилсээр байна.
Шалтгаан нь хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 99.4 мянган төгрөг буюу 12.8% өссөн нь нөлөөлсөн гэж үзжээ.
Тухайлбал, нэг өрх 2018 оны 10-12 дугаар сарын байдлаар сард мах махан бүтээгдэхүүнд 61,800 төгрөг зарцуулж байсан бол энэ оны мөн саруудад 72,800 төгрөг болж өссөн байна. Гурил, гурилан бүтээгдэхүүний сарын зардал ч мөн 10,000 орчим төгрөгөөр нэмэгдсэнийг ҮСХ-ны судалгаа харуулав. Тээврийн зардал мөн дунджаар 6,000 орчим төгрөгөөр өсжээ.
Нийт өрхийн 8.3% нь 300,000-аас доош мөнгөн орлоготой байгаа бол 20% нь 1.1-1.6 сая төгрөгийн орлоготой. Хамгийн өндөр буюу 2.1 сая төгрөгөөс дээш мөнгөн орлогой өрх нийт өрхийн 9.0%-ийг эзэлж байна.
Өрхийн орлоготой харьцуулан хүн амын амьжиргааг авч үзвэл нэг хүнд сард 309,777 төгрөгийн бодит орлого ногдож байна. Амьжиргааны доод түвшнийг ҮСХ хамгийн сүүлд буюу энэ оны нэгдүгээр сард 187,690 төгрөгөөр тогтоосон. Өөрөөр хэлбэл, нэг хүнд ногдох сарын дундаж орлого хүн амын амьжиргааны түвшнээс улсын дунджаар 65% дээгүүр байгаа юм.
Орлогын ялгаатай бүлэг доторх болон бүлэг хоорондох тэгш бус байдлыг харуулах Тейлийн индекс 2018 оны сүүлийн улиралд 0.174 болжээ. Энэ нь хүн амын хамгийн чинээлэг 20 хувийнхны хэрэглээний дундаж хэмжээ хамгийн ядуу 20 хувийнхнаас 5.1 дахин их байнагэсэн үг.