2019 оны эхний гурван сарын байдлаар импорт өмнөх оны мөн үеэс 13.7 хувиар өсөж, нэг тэрбум 285 сая ам.доллар хүрсэн байна.
Эдийн засгийн өсөлт 6.9 хувь хүрсэн өнгөрсөн оны мөн үед импортын өсөлт 46 хувь хүрч байсан бол энэ онд импортын өсөлт ийнхүү саарлаа. 2018 онд эдийн засгийн өсөлт сэргэсэнтэй холбоотой хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн орц машин, тоног төхөөрөмжийн импорт өсөлтийн дийлэнхийг тодорхойлж байсан юм.
Энэ оны хувьд импортын гол бүтээгдэхүүн болох автобензиний импортын хэмжээ өссөн ч дундаж үнэ нь 19.7 хувиар буурсан байна. Тухайлбал, 2018 оны мөн үед нэг тонн автобензиний импортын дундаж үнэ 679.3 ам.доллар байсан бол 2019 онд 545.6 ам.доллар болжээ.
Импортын бүтцийг харвал нийт үнийн дүнгийн 80 орчим хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, хүнсний бэлэн бүтээгдэхүүн болон үндсэн төмөрлөгт зарцуулж байна. Бүх төрлийн тээврийн хэрэгсэл, машин, тоног төхөөрөмж, эд анги, цахилгаан хэрэгслийн импорт өмнөх оноос өссөн үзүүлэлттэй байна.
Харин аж үйлдвэрийн бараа, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт өнгөрсөн оноос буурчээ. Тухайлбал, хүнсний 14 төрлийн гол нэрийн бүтээгдэхүүнээс 11 төрлийн бүтээгдэхүүний импорт биет хэмжээгээр буурчээ. Үүнээс өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох цагаан будаа, сонгино саримс, элсэн чихрийн импорт буурсан байна.