Монголчууд бидний хувьд ач, зээгээ өсгөх, “хүн болгох”-д эмээ, өвөө нарын оролцоо, үүрэг хариуцлага их. Эмээ, өвөө нар ач зээгээ харвал амьдралын нэгэн утга учир биеллээ хэмээж, өөрийн охин хүүгээсээ ч илүү тэдэндээ хошуу дэвсэнэ. Арчилж хамгаалахад нь зөвлөгөө өгнө, хэзээ ч хамаагүй тэднийгээ харж хандахаас буцахгүй ийм л буянтай ачтанууд. Нөгөө талаас залуу хосууд хүүхдээ арчилж өсгөхдөө өөр өөрийн байр суурьтай байдаг. Зарим нь ээж, аав нь хүүхдийг нь хараад өгвөл ашгүй дээ хэмээн ажил, сургуульдаа сэтгэл амар явна. Гэтэл зарим нь өөрсдийнхөө гараар бяцхан үрсээ өсгөн хүмүүжүүлэх нь хүүхдэд болон өөрсдөд нь хэрэгтэй гэж үзнэ. Мөн хүүхэдтэйгээ ажилладаг арга барилаа орчин үеийнх хэмээн илүүтэйд тооцох нь ч цөөнгүй.
Эмээ, өвөө бол хүүхдүүдэд хэнээр ч сольшгүй нөмөр нөөлөг бүхий хүмүүс. Эмээ, өвөө нар төвөгшөөж цуцахгүйгээр тэдэнтэй тоглоно, энхрийлж хайрлана, сонирхолтой үлгэр, өгүүллэг ярьж өгнө, харж хамгаална.Эмээ өвөө нарын тэсвэр тэвчээр асар их. Ач зээ нар “дахиад нэг үлгэр” гэхэд дахиад л ярина, хүссэн зураг номыг нь дахин дахин хамт үзнэ, “гутал үдээд өгөөч” гэхэд уйгагүйгээр үдэж өгнө, “үдэж сурна аа хө” гээд байн байн хамт давтана. Амттан шимттэний хувьд ч алгаа илүүтэйхэн дэлгэж магадгүй юм шүү. Энэ бүгд бяцхан ач зээ нарт хамгаас үнэ цэнэтэй зүйл. Эмээ өвөөгийн тайван амгалан байдал нь мөн тэднийг аятай тухтай байх нөхцлийг бүрдүүлж байдаг.
Эмээ өвөө нар тэр бүр бухимдаад байдаггүй тэнэгэр сэтгэлтэй хүмүүс. Аливаад амьдралын туршлагаасаа аядуу тайван хандаж, болох болохгүйг мэддэг буянтай хүмүүс. Хааяа хааяахан өлсөж цангах, сэтгэлээр унасан үедээ тэднийхээ дулаан энгэрт наалдаж, халуун цайг нь оочин суухад сэтгэл өег санагддаг. Эмээ өвөөгийн халуун хайр, дулаан үгс, чин сэтгэл хэзээ ч дуусахгүй бас дундрашгүй. Хором мөч бүхэнд хайртай буурлууддаа талархлаа илэрхийлж, амар мэндийг нь асуун мэндчилж, чин сэтгэлээр тэднийгээ хайрлах нь бидний үүрэг гэлтэй. Өгсөн хайр тань хэтэрсэн үү гэхээс багадаагүй, өмсүүлсэн хувцас тань ихэдсэн үү гэхээс цөөдөөгүй. Үнэн сайхан сургаалыг тань сонсож ухаарч ойлгомоор байна, хүүхдүүд бид чинь. Тиймннс өдрөөс өдөрт холдсоор байгаа буурлууддаа бид Өндөр гэгээн бурхнаас нас буяныг л хүснэм.