Монголчуудын тал хувь нь цалин буусны маргааш мөнгөгүй болчихдог нь гэм биш зан. Санхүүгийн байгууллагууд ч бидний эл буруу зуршлыг сануулан хадгаламжийн тухай хангалттай сануулдаг ч мөнгөтэй харьцах замбараагүй хэрэглээ байсаар л байна. Юунд зарцуулсанаа ч санахгүй “Мөнгө цаас” болжээ хэмээн ярьж суугаа бол юуны өмнө дараах зөвлөгөөг дагаад үзээрэй.
Хямд үнэтэйг нь харьцуулан тооцоол
Хамгийн бага үнийг санал болгож буй газрыг ол. Ингэхийн тулд дэлгүүр, зах, худалдааны төвүүдээс байнга авдаг зүйлсээ ямар үнэтэй байгааг судалж үзээрэй. Бараа бүтээгдэхүүн нэг дэлгүүрт үнэтэй байхад нөгөөд нь огцом хямд байх нь элбэг.
Онцгой үнийн санал
Онцгой хямдрал, үнийн санал байгаа эсэхийг судлаарай. Жишээлбэл, таны худалдан авахыг хүсч буй зүйл дэлгүүрт, хоёрын үнээр гурвыг авч болно гэх мэт онцгой хямдралтай байж болно. Бас гэнэтийн сэтгэл хөдлөлд автахгүйгээр баярын үеэр томоохон цахилгааны хэрэгсэл гэх мэтийн мөнгөн дүнтэй худалдааг төлөвлөж хийгээрэй.
Гэхдээ худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ ашиглана гэсэн үедээ л хямралтай худалдан авалт хийнэ.
Ашиглахгүй зүйлээ хямд үнээр ч гэсэн худалдан авах хэрэггүй.
Хөнгөлөлтийн карт эсвэл үнэнч хэрэглэгчдэд зориулсан лояалти карт зэргийг ашиглах нь бага ч гэсэн таны төлөх төлбөрийн хэмжээг бууруулна.
Зарим зүйлийг онцгой хямдралтай үнээр борлуулдаг, эсвэл дэлгүүр, компаниудын барааг хямдралтай үнээр борлуулж сурталчилдаг Фейсбүүкийн групп, мэдээ мэдээллийн цахим хуудсуудыг ч бүү мартаарай.
Үнэтэй зүйлс авахдаа харьцуулалт хий
Хэрэв та машин, эсвэл зурагт гэх мэт үнэтэй зүйл худалдан авахаар төлөвлөж байгаа бол хэрэглэгчид, хөндлөнгийн шинжээчид тухайн барааны төрөл бүрийн загвар, брэндийн талаар хэрхэн үнэлж дүгнэснийг үзэж танилцсаны дараа шийдвэрээ гаргаарай. Хамгийн боломжит үнийг санал болгож буй дэлгүүр, үйлчилгээний газруудыг олохын тулд тэдгээрийн үнийг ямагт харьцуулж үзээрэй. Таны худалдан авалттай холбоотой бусад зардлыг асууж мэдэж аваарай. Тухайлбал, зарим дэлгүүр хүргэлтийн хөлс авдаг.