Өнгөрсөн жилд сүүлийн арав гаруй жилд үзэгдээгүй эдийн засгийн сэргэлт эргэн ирсэн тухай өөдрөг мэдээлэл явсан. Тодруулбал 2018 оны хувьд эдийн засгийн өсөлт 6.9 хувьтай гарч шинжээчдийг сэтгэлийг амраасан үйлдэл болов. Тэгвэл 2019 онд энэ өсөлтийн хувь хэмжээ хэрхэн өөрчлөгдөх бол?
Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа тайлбарлаж байна:
2019 оны хувьд статистикийн хорооноос танилцуулсан шинэ тоон дээр үндэслээд, шинэ төсөөллийг удахгүй гаргана. Өмнөх мөнгөний бодлогын хорооны хурал дээр танилцуулснаар бол эдийн засгийн өсөлт 6.6-6.7 хувь гэсэн таамаглал бий.
2018 оны хувьд эдийн засгийн өсөлт бидний төсөөллөөс давж гарсан. Өнгөрсөн оны сүүлийн хоёр сарын үзүүлэлтүүдэд үндэслээд бид эдийн засгийн өсөлтийг 6.5-аас дээш, 6.7 орчим хувьтай гарах болов уу гэж төсөөлж байсан. Гэтэл 6.9 хувь гарлаа.
2019 оны хувьд эдийн засгийн төсөв байдал харьцангуй сайн байхаар байна. Учир нь 2017, 2018 онуудад эдийн засагт томоохон хөрөнгө оруулалтууд хийгдсэн.
Та бүхэн эдийн засгийн өсөлтийг дотор задалж харвал хөрөнгө оруулалтын хэмжээ 2018 онд хөрөнгө оруулалтын хэмжээ 28 хувиар өссөн. Экспортын өсөлт мөн 17-18 хувьд хүрсэн. Үүн дотроо хувийн хэрэглээний өсөлт харьцангуй бага буюу 3.3 хувь. Гэхдээ нийт 6.9 хувийн өсөлт дотроо 1.3 орчим хувийг нь бүрдүүлж байгаа.
Ингээд харахаар 2017, 2018 онд хийсэн том хөрөнгө оруулалтын үр дүн 2019, 2020 оны эдийн засгийн төлөвт сайнаар нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгж бизнес эрхлэгчдэд томоохон хөрөнгө оруулалтын санхүүжилтийн зардал бага байна.
Нэгэнт хийсэн хөрөнгө оруулалт, үндсэн хөрөнгийн ашиглалтууд явна. Мөн тодорхой хэмжээний эргэлтийн хөрөнгө болон бага хэмжээний санхүүжилтүүд банкны системээс тасралтгүй хийгдэнэ.
Тэгэхээр 2018 онд банкны системээс нийлүүлэгдсэн нийт зээлийн хэмжээ 3.9 их наяд төгрөг байгаа. Энэ нь өсөлтийн хувиараа бол 20 орчим хувьтай байна. Зээлийн өсөлт энэ түвшингээ барина.
Тэгэхээр дотоод талдаа санхүүжилтийн эх үүсвэр гайгүй, хөрөнгө оруулалтын үр ашиг гарч эхэлнэ. Мөн цалингийн өсөлт хэрэглээн дээр дэмжлэг үзүүлнэ. Экспортын салбарыг авч үзвэл экспортын үнэ харьцангуй гайгүй байна. Үүний давуу талууд гарах байх гэж бодож байна.