“Samsung Electronics” компанийн ашиг сүүлийн дөрвөн жилд байгаагүйгээр буурсан үзүүлэлттэй гарлаа. I улирлын санхүүгийн тайлангийн урьдчилсан дүнгээр үйл ажиллагааны ашиг нь I улиралд 60 хувиар буурч, 6.2 их наяд вон буюу 5.5 тэрбум ам.доллар болсон байна.
Үүнээс гадна БНСУ дэлхийд анх удаа үндэсний хэмжээнд 5G сүлжээ нэвтрүүлснээ зарлаад байна. Энэ нь төлөвлөснөөсөө хоёр өдрийн өмнө гэдгээрээ онцлог болж байгаа бөгөөд “SK Telecom”, “KT” болон “LG Uplus” зэрэг харилцаа холбооны компаниуд лхагва гарагт орон нутгийн цагаар 23.00 цагаас 5G утасгүй интернетийн сүлжээг үйлчилгээндээ ашиглаж эхэлжээ. Ийнхүү БНСУ АНУ болон БНХАУ гэсэн хоёр гол өрсөлдөгчдөөсөө урьтаж шинэ технологийг хэрэглээнд нэвтрүүллээ.
“Samsung Electronics”-ийн 5G гар утаснууд ч БНСУ-ын зах зээлд энэ баасан гарагаас худалдаанд гарч эхэлсэн байна. Тус компани АНУ-ын зах зээлд эзлэх хувь хэмжээгээр “Apple”-ийг ардаа орхиод жил хагасын хугацаа өнгөрөөд байгаа юм. Харин “Apple”-ийн хувьд 5G нэвтрүүлэх төлөвлөгөөгөө 2020 он хүртэл хойшлуулжээ. Хязгааргүй дата багцтай хэрэглэгчид нэг секундэд 1GB хурдтай 5G үйлчилгээг сарын 10 ам.доллароор авах боломжтой болох юм. Энэ нь олон улсад одоо байгаа хурдыг 10-100 дахин нэмэгдүүлсэн үзүүлэлт болж байна.