Сар шинийн уламжлалт үзэсгэлэн худалдаа эхэлжээ.
Архангай аймгийн Тариат сумын ЗДТГ-аас нийслэлийн БЗД-ийн тамгын газартай хамтран жил бүр зохион байгуулдаг “Цагаан идээ” уламжлалт сар шинийн баярын худалдаа эхэлжээ.
Айраг цагаагаараа алдартай Архангай нутгийн экологийн цэвэр бүтээгдэхүүн, сүү цагаан идээний үзэсгэлэн худалдаа зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ сарын 20-ны өдрийг хүртэл “Монгол бөхийн өргөө”-ний гадна талбайд гарах юм.
Үнийн хувьд өрөм, ааруул ээзгий, шар тосыг 12,000-15,000 төгрөгийн хооронд худалдаалж байгаа бол сүү, аарц, бяслагийг 3,500-5,000 төгрөгийн хооронд борлуулж байна.
Үзэсгэлэн худалдаанд Тариат сумын 60 гаруй малчин оролцож, уламжлалт арга технологиор боловсруулсан сахар, гурилын орц хольцгүй экологийн цэвэр бүтээгдэхүүн, сүү, цагаан идээгээ малчны хотноос хэрэглэгчдийн гарт шууд хүргэн худалдаалж буйгаараа давуу талтай.