olon-niitiin-tsagdaa

Хэсгийн ахлагч нарт олон нийтийн цагдаагийн эрх олгоно

Мөн дүүрэг хороо болгонд байгаа 1630 орчим хэсгийн ахлагч нар өнөөдрөөс Цагдаагийн Ерөнхий газраас батлагдсан хуваарийн дагуу олон нийтийн цагдаагийн сургалтад сууж эхэлж байна. Сургалтынхаа дараа бүгд шалгалт өгч, тэнцсэн хэсгийн ахлагч нарт олон нийтийн цагдаагийн эрх олгон ажиллана. Ингэснээр тэд зөрчлийн хуульд заасны дагуу гудамж талбайд шүлс, нусаа ил задгай хаяж, зөвшөөрөгдөөгүй газар хогоо хаясан гэх мэт зөрчлүүдэд хялбаршуулсан журмаар иргэн, аж ахуйн нэгжид торгуулийн арга хэмжээ авах эрхтэй болно гэдгийг Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал онцолж хэлсэн юм.

~Хэсгийн ахлагч нарт олон нийтийн цагдаагийн эрх олгоно~

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Нийслэлд үеийн үед газрын асуудал олны хараанд байж ирсэн. Хотын дарга С.Амарсайхан ажлаа авснаас хойш газрын асуудалтай хатуу тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн. Энэ нь хэн нэгний өмч рүү халдаж байгаа хэрэг биш. Анхнаасаа хууль бусаар олгогдсон байж болзошгүй газруудыг чөлөөлж байгаа. Хатуухан хэлэхэд зарим тохиолдолд тодорхой хувийн эзэмшилд байсан газрыг цуцалж, тэнд нь нийтийн эзэмшил болгох шийдвэр гарган олон нийтэд хэрэгтэй цэцэрлэгт хүрээлэн байгуулах зэргээр ашиглая гэхэд эзэмшиж байсан хүмүүс ямар нэгэн байдлаар эсэргүүцлээ илэрхийлэх, ингэхдээ далд хэлбэрээр олон нийтийг турхирах, Төрийн бус байгууллага нэртэй хүмүүсийг гар хөл болгон явуулж байхыг үгүйсгэхгүй. Ийм хандлага гарч байгаа гэдгийг манай иргэд ойлгох байх. Мөн “Хотын соёл” аян Улаанбаатар хотын хэмжээнд өрнөж эхэлсэн. Уг аяныг гардан зохион байгуулах хүмүүс бол манай хороо, дүүргийн хэсгийн ахлагч нар юм. Хэсгийн ахлагчид энэ сарын 15-наас эхлээд зөрчлийн тухай хуульд заасан тодорхой зүйл заалтаар торгох, хариуцлага тооцох эрхтэй болно. Тийм учраас энэ хүмүүсийн шаардлагыг хүлээн авч биелүүлэхийг иргэд, олон нийтээсээ хүсч байна” хэмээв.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих