Энэ жил хэвийн боовны үйлдвэрлэл гаралт сайн байгаа ч үнэ ихтэй байгааг иргэд онцолж байна
Сар шинэ дөхөж байгаа энэ өдрүүдэд бэлгийн бараа, ууц, өвчүү, хэвийн боов хамгийн их эрэлт хэрэгцээтэй байна. Энэ жил хэвийн боовны гаралт сайн байгаа талаар үйлдвэрлэгчид ярьж байна. Гэхдээ зарим газрууд ачаалалаа дийлэхгүй энэ сарын 28-наас эхлэн худалдаанд гаргах үйлдвэрлэлээ зогсоож захиалгын тоогоо дуусгана гэж байна.
Томоохон зах худалдааны төвүүд, “Барс”, “Хархорин”, “Бөмбөгөр” зэрэгт зарагдаж байгаа хэвийн боовнууд өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад үнэтэй байна.
Тодруулбал хамгийн хямдхан нь 1500 төгрөгөөс эхэлж 3200 төгрөг хүртлээ үнэтэй байна. Гандагийн шар тостой боов гэхэд хийц, орц найрлагаасаа хамаарч 2200-2700 төгрөгийн хооронд үнэтэй байв.
“Өгөөж”ХХК-ний боов гэхэд долоо хоногийн дараа 1000 төгрөгөөр нэмэгдсэн байна.
“Өгөөж”-ийн боов энэ сарын 20-ноос өмнө 2000 төгрөг байсан бол өнгөрсөн долоо хоногоос эхэлж 3000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Хамгийн хямдхан гэх 1200-1500 төгрөгийн ул боовууд худалдааны төв болон захуудаар бараг дуусч байна гэж худалдаачид хэлэв.
Харин суурь еэвэнгийн хувьд : 6000-15000 төгрөгийн хооронд үнэтэй байв, тахилын болон зүгийн идээ жижиг, томоосоо шалтгаалж 6000-25000 төгрөгийн хооронд үнэтэй байлаа.