Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийн хэрэгжилтийн хугацаа дуусаж байгаатай холбогдуулан холбогдох хууль тогтоомжид заасны дагуу дараагийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах шаардлага бий болсон.
Дараагийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө буюу Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг “Үнэлгээ дүгнэлт, суурь судалгаа”, “Үзэл баримтлал /концепц/”, “Ерөнхий төлөвлөгөө” гэсэн гурван үе шаттай хийж гүйцэтгэж байна. Эхний үе шат болох:
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хөгжлийн чиг хандлагыг дүгнэх, хот байгуулалтын үнэлгээ;
Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний Улаанбаатар бүс, хот орчмын хот төлөвлөлтийн суурь судалгаа боловсруулагдсан.
Тус “Үнэлгээ, дүгнэлт”-ээр Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотголын хэрэгжилтийг 29.6 хувийн гэж дүгнэж, хэрэгжилтэд дараах хүчин зүйлс нөлөөлсөн гэж үзжээ.
~Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол~
Ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх тогтолцоо бүрдээгүй;
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө хугацаа хоцорч батлагдсан;
Салбарын мастер төлөвлөгөө бүрэн боловсруулагдаагүй;
Ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд мониторинг хийх тогтолцоо бүрдээгүй;
Ерөнхий төлөвлөгөөний хөрөнгө оруулалт, санхүүжилт дутмаг;
Улс төрийн нөлөөлөл.
Мөн хот байгуулалтын өнөөгийн нөхцөл байдал дээр суурилан цаашдын хөгжлийн алсын харааг тодорхойлсны үндсэн дээр нийгэм эдийн засгийн өсөлт, шинжлэх ухааны хөгжил, цаг үеийн өөрчлөлтүүдтэй нийцүүлэн “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ыг боловсруулах шаардлагатай бөгөөд дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмж, дүгнэлтийг гаргасан байна.
Усны нөөцийн судалгааг нарийвчлан тогтоож, Улаанбаатар хотын хэрэгцээг хангах боломжийг гаргаж, хотын хүн ам, барилгажилтын өсөлтийн хязгаарыг тогтоох;
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээнд газар хөдлөлийн давтамж, чичирхийллийн үзүүлэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан, дахин төлөвлөж хөгжүүлэх нутаг дэвсгэрийг тодруулж, нягтлах;
Богдхан уулыг тойрсон шинэ төмөр замын төлөвлөлттэй холбогдуулж ачаа тээврийн терминалын байршлыг нягтлах;
Цаашид Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хот орчмын нутаг дэвсгэрийн хэмжээнд тооцож боловсруулан, нутаг дэвсгэр, хил хязгаарыг тодотгон, шинэ суурьшлын бүсийг төлөвлөх;
Нийслэлийн хэмжээнд нийгэм, эдийн засгийн нэгдсэн, нарийвчилсан төлөвлөлтийг ерөнхий төлөвлөгөөний баримт бичгийн хүрээнд хийж, хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг тодотгох;
Хотын төвлөрсөн инженерийн хангамжийн хүчин чадал, хамрах хүрээг нэмэгдүүлснээр барилгажсан нутаг дэвсгэрийг тэлж, гадаад, дотоодын хувийн хөрөнгө оруулалт хийх сонирхол, нөхцөл боломжийг сайжруулах;
Улаанбаатарын бүс, хот орчмын зам тээврийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлж, нийтийн болон ачаа тээвэр логистикийг хөгжүүлэх;
Шинэ ерөнхий төлөвлөгөөг хот орчмын нутаг дэвсгэрийн хэмжээнд шинэ суурьшлын бүс, таталцал нөлөөллийн бүсийн хил хязгаарыг нягталж шинэчлэх.
ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ГАЗАР