Монголчууд бид “Угаа мэдвэл хүн усаа мэдвэл мал” хэмээн удам судраа мэдэх нь юунаас ч илүү гэдгийг сургасаар ирсэн. Дундад зууны Ираны түүхч Рашид Ад Дин “ Судрын чуулган” хэмээх алдарт бүтээлдээ “ Монголчууд өвөг дээдсийнхээ гарал үүслийг тэмдэглэн хадгалдаг заншилтай тул улам судраа хөтөлдөг” гэж тэмдэглэсэн байдаг. Удам судар хэмээх ойлголт нь гарал угсаа гэдэг үгээр хэрэглэгдэж болно.
Монголчуудын дунд бичиг үсэг үүсэн бий болсон тэр цаг үеэс ургийн буюу овогын бичиг үйлдэн хөтлөх уламжлал дэлгэрчээ. Монголчуудын удам судар эр талаа буюу эцэг талаа барьж ирсэн уламжлалтай ба энэ нь эгзогами гэрлэх ёстой холбоотой. монголчууд өөрийн биеэс дээш 7,9,13,15 үеэ тоолж мэддэг байсан тухай түүх, угсаатны сурвалжуудад тэмдэглэсэн байдаг харин өнөө цагт ихэвчилэн 3-үеэс дээшхи удмаа мэддэг хүн ховор байна. Учир нь айл өрх бүр угийн бичиг хөтөлдөггүйтэй холбоотой. Өөрийн биеэс доош тоолохдоо 1. Хүү охин, 2. Ач зээ, 3. Жич, 4. Гуч, 5 Дөч, 6. Тач хэмээн 7 үеэ нийт 15 үеийн нэр томъёог мэддэг байжээ. үүнээс гадна хөндлөн тийшээ баруун талаас эцгийн тал буюу авгын талыхныг, зүүн талаас эхийн тал буюу нагацын талыхныг салбарлуулан бичдэг байна. Ингэж бичснээрээ үр хүүхэдтэй хоёр талын хамаатан саданга таниулах ач холбогдолтой байжээ.
Аавын талыг нэрлэх гурван нэр байдаг. Үүнд:
- Авга гэдэг нь аавын талын бүх ах, эгч, дүү нарыг;
- Үеэл нь эцэг нэгтэй ах, дүү нарын хүүхдийг;
- Хаяал нь үеэлийн хүүхдүүдийг авгайлан нэрлэх болно.
Эхийн талыг нэрлэх, тус бүрдээ утга салаалсан гурван нэр бий. Үүнд:
- Нагац нь ээжийнхээ аав, ээжийн нагац аав, нагац ээжээс өгсүүлээд бүх ах, эгч, дүү нарыг нь авгайлах нэр юм.
- Бүл нь эх нэгтэй эгч, дүү эмэгтэйчүүдийн хүүхдүүд. Тэр хоорондоо бүл бөгөөд бүлийн хүүхдүүдийг бүлээн, бүлээний хүүхдүүдийг бүлэнцэр гэх;
- Хүү, охин хоёроо гэрлүүлсэн айлууд хоорондоо худ болдог бөгөөд худ ураг барилдсан айлын эзэд (эрэгтэйчүүд) бие биенээ худ, эмэгтэйчүүд нь худгуй гэж нэрлэнэ. Харин гэрлэгсэд эхнэр нь юм уу, нөхрийнхөө аав ээжийг хадам аав, хадам ээж гэж дуудах ба өөрсдөө бол хадам талдаа бэр, хүргэн болдог.
Эцгийн талыг ясан төрөл, эхийн талын цус буюу махан төрөл хэмээдэг учир “ яс махны тасархай” гэдэг үг өргөн хэрэглэгддэг. Эцгийн гэрээс өрх тусгаарлан гарсан айл бүр өрхийн удам судрийн бичиг хөтөлдөг заншилтай байв. Монголчууд эрт дээр үеэс айл гэрийг эхнэр нөхөр, гэр бүл амьдрах төдийгүй хүүхэд өсгөн хүмүүжүүлэх, төр улсын албыг залгуулах чухал орчин гэж үзэж эхнэр, нөхөр болох хүмүүсийн төгс төгөлдөр сайн шинжийг эрхэмлэдэг уламжлалтай. Иймээс ч хүү, охиноо гэрлүүлэн өрх тусгаарлахыг эрхэм хүндтэй зүйлд тооцдог ажээ. Бэр хүүхнийг гэрлүүлэхэд тэр хоёрын хайр сэтгэлтэй эсэхийг анхаарахын зэрэгцээ эцэг, эхийн санал чухал нөлөөтэй байдаг.
Эцэг, эх нь бэр, хүргэнээ шинжихдээ удам гарал, хүргэн, бэр хоёрын сэтгэлийн нийлэмж, ааль зан, мөс чанар, галбир царай тэгшийг, ажил хөдөлмөрч, буян заяа арвинг, ёс горим, эрдэм чадвар эзэмшсэнийг, нас сүүдэр, жил зохицохыг долоон шинжээр нь үздэг бөгөөд удам сударт нь буюу өмнөх гурван үед нь хулгай хийж, худал хэлэх, ажил төрөл, ааш зан муутай бол, ялангуяа ужиг муу өвчтэй хүн байвал гэрлүүлэхээс татгалздаг байсан нь удамшлын нөлөөг ойлгож, хос хоёрын төдийгүй, тэдний үр хүүхдийн ирээдүйн амьдралыг ариун нандин байлгах гэсэн зүйд нийцсэн ёс юм. Удмын бичиг буюу гэрийн үеийн бичмэл ёс нь XIII зуунаас XYII зууны сүүл үе хүртэл тогтвортой уламжлагдаж байсан ба манжийн эрхшээлийн үед нилээд суларсан боловч өнөөдрийг хүртэл уламжлал тасраагүй байна. Ийнхүү удам судраа хөтлөх нь монголчуудын хүн ам зүйн нэг хэсэг байсан төдийгүй өөрийнхөө удам угсааг мэдэх ураг төрлөө таньж хүндэтгэх, өргөж тэтгэх ёсыг баримтлах, үр удмаа үлдээх зэрэг аж төрөх ухаан төдийгүй өвлөх өвлүүлэх, хэргэм зэрэг залгах, нийгэм хууль зүйн учир холбогдолтой байсан.