turgen-uilchilgeenii-tseg

ТҮЦ эрхлэгчид болон төрийн байгууллага байр сууриа илэрхийллээ

“Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ыг шинэчлэн боловсруулж байна. Түргэн үйлчилгээний цэг, худалдаа, үйлчилгээ эрхлэгчид, түүний холбоод, иргэд, төрийн албан хаагчид, эрдэмтэн судлаачид, хуульчдын төлөөллөөс холбогдох хууль тогтоомжид нийцсэн санал, хүсэлтийг авч, уг журамд нийцүүлэн тусгах олон нийтийн хэлэлцүүлэг Сүхбаатар дүүргийн хүрээнд боллоо.

Олон жил төр засгийн байгууллага, иргэд, худалдаачдын дунд зөрчил, маргаан үүсгэж ирсэн өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа журмыг шинэчлэх зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулжээ.

Өмнөх хотын даргын үед модон бор ТҮЦ-үүдийг 8-12 сая төгрөгөөр авах юм бол энэ байршилд нь зөвшөөрлийг нь олгоод үйл ажиллгааг нь явуулна гэсэн шахсан.

Үүнтэй холбогдуулан ТҮЦ эрхлэгчид болон төрийн байгууллагын байр суурийг сонслоо.

Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газрын Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Г.Амгалан:

“Дүүргүүдэд яригдсан хэлэлцүүлгийн саналуудыг НИТХ-ын ажлын албанд энэ сарын 17-ны дотор хүргүүлээд, бүх дүүргүүдээс хэлэлцүүлгийн үр дүнг тусгасан журмын төслийн шинэчилсэн төслийг наймдугаар сарын 31-ний дотор НИТХурлаар дахин хэлэлцүүлнэ.

Шинэ журамд төрийн байгууллагуудын чиг үүргүүдийг нарийвчлан зааж өгсөн. Мөн ТҮЦ-тэй холбоотой зохицуулах баримт бичиг байхгүй учраас энэ шинэ журамд оруулсан.

Ямар байршилд хэчнээн ТҮЦ байх вэ гэсэн заалтуудыг шинэ журмын төсөлд заасан.

ТҮЦ-ээр хүнсний бараа бүтээгдэхүүн худалдаалахгүй. Соёлын бараа, ном болон бусад бараа бүтээгдэхүүн худалдаална. Гэхдээ иргэд, ТҮЦ эрхлэгчдийн санал хэрхэн гарахыг мэдэхгүй байна.” гэлээ.

~ТҮЦ эрхлэгчид болон төрийн байгууллагын байр суурь~

ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөл В.Мөнхтуяа:

“Өмнөх хотын даргын үед модон бор ТҮЦ-үүдийг 8-12 сая төгрөгөөр авбал энэ байршилд нь зөвшөөрөл олгоод, үйл ажиллгаа явуулна гэсэн шахсан. Зээлээр ТҮЦ авч, өнөөдрийг хүртэл зээлээ барагдуулаагүй байхад дараагийн шилэн ТҮЦ-ийг шахаж байна. Эхлээд ТҮЦ-үүдээ стандарт байх ёстой гэж байсан бол одоо смарт байх ёстой гэнэ.

НИТХ-ын дарга С.Амарсайхан наймдугаар сарын 16-нд нийтлэг журам батлагдтал нэг ч ТҮЦ нүүлгэхгүй гэсэн. Тэгж хэлтэл маргааш нь Сүхбаатар дүүргийн ТҮЦ-үүдийг ачиж эхэлсэн. Бид ТҮЦ-ээ ачуулахгүйн тулд тэндээ хонож байлаа. Гэтэл шалыг нь лоомоор ховхлоод, үүрээр түр гарах хооронд кранаар өргөөд явсан. Шал нь доороо бараатайгаа үлдсэн байгаа юм.

Үүрээр авч ТҮЦ-ийг журмын хашаанд тавина. Журмын хашаанаас 300-350 мянган төгрөгөөр авдаг. Нэг даргаас зөвшөөрөл авчихсан байтал дараагийн дарга нь хөөнө гэж ТҮЦ эрхлэгчид бодохгүй шүү дээ.

Бор ТҮЦ эрхлэгчид шилэн ТҮЦ-тэй адилхан шаардлагыг нь хангаад смарт картыг нь зараад цэнэглээд явж болно. Бид заавал эндээ байя гээгүй. Стандартыг нь биелүүлээд явъя гэсэн санал тавихад үгүй заавал бор шилэн ТҮЦ тавина гэж байна” гэлээ.

Ийнхүү иргэд, худалдаа эрхлэгчдийн саналыг нэгтгэж наймдугаар сардаа багтаан шинэ журмыг эцэслэн батлах юм байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих