mongol-sarlag

“Сарлагийн хөөвөр, торомны ноос”-ны үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлнэ

Европын холбооны санхүүжилтээр МҮХАҮТ-тай хамтран хэрэгжүүлж буй Монголын худалдааг дэмжих  /TRAM/  төслийн сарлагийн хөөвөр, торомны ноосны кластер байгуулах ажлын хэсгийн хоёр дахь удаагийн уулзалт боллоо. Сарлаг болон тэмээний ноосон бүтээгдэхүүнийг түүхий эд бэлтгэхээс эхлэн эцсийн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаад зах зээлд таниулах, гадаад түнштэй болгох, малчин болон үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор  “Сарлагийн хөөвөр, торомны ноос”-ны кластерыг байгуулахаар болж байна.

Уулзалтын эхэнд, МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруул хэлэхдээ,

“Монгол Улсад үйлдвэрлэсэн ноос ноолууран бүтээгдэхүүн нь дэлхийн стандартыг хангасан, цэвэр байгалийн гаралтай, хүний эрүүл мэнд, биед эвтэйхэн, зөөлөн, дулаахан, арчилгаа эдэлгээ сайтай болох нь нэгэнт танигдсан. Бид дан дангаараа бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргахад үйлдвэрийн хүчин чадал, бүтээгдэхүүний зар сурталчилгаа, дэлхийн брэндүүдтэй өрсөлдөхүйц сав баглаа боодол гээд олон сорилт, бэрхшээлтэй тулгардаг. Эдгээрийг хамтын хүчээр буюу харилцан ашигтай кластерын зарчмаар шийдвэрлэх чухал юм. Иймд бидний эхлүүлсэн хамтын ажил амжилттай үргэлжилж,  экспортын бүтээгдэхүүний тоо хэмжээ өсөхөд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байнагэлээ.

Энэ удаагийн уулзалтаар кластерын хууль, эрх зүйн орчин ба зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагаа, үйлдвэрлэгчдэд зориулсан ЕСББ-ны төслийн санхүүжилт, кластерын вэб сайт бий болгох, 2019 оны 5, 6 сард зохион байгуулагдах үзэсгэлэнгийн үеэр сарлагийн хөөвөр, торомны ноосоор хийсэн бүтээгдэхүүнийг олон нийтэд хэрхэн сурталчлах, кластерын зохион байгуулалт, зорилго хөтөлбөрүүдийнхээ талаар ярилцлаа.

Уулзалтад төсөл хэрэгжүүлэгчид болон Ноос, ноолуурын холбоо, Хөвсгөл, Завхан, Баянхонгор аймгийн төлөөлөл, кластер багт ажиллах үйлдвэрлэгчид оролцлоо.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих