Дэлхийн ноолууран эдлэлийн түүхий эдийг бэлтгэгч орнуудын тоонд зүй ёсоор Монгол улс урд хөршийн хамтаар багтдаг. Харин Европ дахинд буй сүүлийн үеийн мэдээллээр ноолуурын хэрэглээг багасгахыг уриалж буй гэнэ.
Учир нь ноолуурын үйлдвэрлэл нэмэгдэх нь байгаль орчинд хохирол учруулдаг тул дэлхийн брэндүүд ноолуур гаргах авах шинэ эх үүсвэр байх, эсвэл түүнээс татгалзах арга хэмжээ авч эхэлсэн тухай Dow Jones агентлагт бичжээ.
Ноолуурыг ноолуурын үүлдрийн ямаанаас гарган авдаг. Тэгвэл энэ үүлдрийн ямааны тоо толгой дэлхийн ноолуурын зах зээлийн 90 хувийг хангадаг Хятад, Монголын нутаг дэвсгэрт эрс нэмэгджээ. Энэ чиглэлийн мал Монгол, Хятадын тал нутагт хэдэн саяараа бэлчиж, бэлчээр талхалж эхэлсэн. Үүний улмаас нийт бэлчээрийн 60 хувийг доройтуулж, ихэнх нутаг нь цөлжсөн байна.
Ямааны тоо толгой өссөнөөр Европ руу ноолууран утас болон бэлэн бүтээгдэхүүн нийлүүлэх нь эрс өссөн. Итали улсад л гэхэд ноолууран эдлэлийн экспорт 2018 онд 305 сая еврод хүрсэн нь 2008 оны 171 сая еврогоос бараг хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Мөн Италийн хувцасны экспортын 4 хувь нь ноолууран бүтээгдэхүүн байна.
Энэ асуудлыг шийдвэрлэх гарц нь малын тоо толгойг бууруулах явдал гэж Монгол Улс дахь Швейцарын Элчин сайдын яамны төлөөлөгч Габриэла Спирли мэдэгдсэн байна. Тэрбээр Монгол Улсын Засгийн газартай хамтран малын бэлчээрийн хэт доройтолтой тэмцэх арга хэмжээ боловсруулж байгаа аж. “Тоог нь биш, чанарыг нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Та бүхэнд одоо байгаа шиг нь олон мал хэрэггүй” гэж Спирли мэдэгджээ.