23-2

Амсаж ч амжилгүй зарагддаг Монгол алим

Монголын хамгийн том алим Ховдын Булганд ургадаг. Амталсан хүн  азтайд тооцогдоно. Үзээгүй нь үлгэрт гардаг алимаар төсөөлнө. Хязгаар нутгийн  энэхүү  “Ургадаг эрдэнэ” нь  жимс боловсрох цагаар барьж хүртэхгүй алга болдог. Өөрөөр хэлбэл, дэлгүүрт тавигдахгүй хол ойрынхон цуглаад  талбай дээрээс  шууд худалдан авалт хийчихдэг. Булган сум олон улсын чанартай хилийн хоёр боомттой ч жимс, жимсгэнээ экспортолж амждаггүй. Тэгэхээр бид эх орондоо эрүүл хөрсөнд ургуулсан алим жимсээр дотоодынхоо эрэлт хэрэгцээг хангаад зогсохгүй экспорт хийе гэвэл  боломж их байна.

Ховд аймгийн  Булган суманд тариалж буй аварга алимны энэ сорт “Жимсний  эх орон”  гэгддэг хойд хөршид маань ч ургадаггүй юм билээ. Ихэнх нь тэртээ социализмын он жилүүдэд ОХУ-ын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс авчирч тарьсан алимны моднууд. Монголын хөрсөнд нутагшаад олон  жил болж байна. Тиймээс Оросын Сибириэс ирсэн эрдэмтэн судлаачид дуу  алдан гайхах нь аргагүй биз.

Аварга алимны модыг  тордон  ургуулж ирсэн хүмүүсийн нэг нь Улсын аварга тариаланч Б.Төмөрбаатар гуай юм. Манайхан гаднаас жимсний олон мянган суулгац өндөр үнээд аваад  ургадаггүй. Монголын хөрсөнд зохицож ургаж чадах эсэх, хэр  үр ашигтай байх талаар  судалдаггүйгээс тэр байх. Тэгвэл  жимсний  моддын  үндсийг хөөн судалж, судлыг нь  барьж чадсан дотоодын мэргэжилтэн, үйлдвэрлэгчдээсээ суулгац авч, туршлагыг нь орон даяар нэвтрүүлбэл гэсэн бодол түүнтэй ярилцаж суухад төрж байлаа. Гэхдээ “Мод таръя” нэвтрүүлэгт оролцсоноос нь  хойш  21 аймгаас  Б.Төмөрбаатар гуайтай холбогдож алимны модны суулгац авахын зэрэгцээ сургалт, зөвлөгөө авдаг болсон гэнэ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих