nootsiin-mahzaav

Нөөцийн мах өмнөх оноос гурав дахин бага байна

Хаврын цагт махны хомсдол үүсч, үнэ тэнгэрт хаддаг. Үүнийг зогсоох нэг арга бол улс нөөцөлсөн махаа худалдаанд гаргаж махны үнийг тэнцвэржүүлэх явдал байдаг. Жил бүр л аманд ч үгүй, хамарт ч үгүй байдаг нөөцийн мах энэ жил бүр долоон дор байна.

Өнгөрсөн онд 12 мянган тонн мах бэлтгэн, хөлдөөж байсан бол энэ жил нөөцийн махны хэмжээ 8000 тонноор буурчээ.

Улсын төсөвт суулгасан, арилжааны банкаар дамжуулан олгосон хөнгөлөлттэй зээлийг гурван аж ахуйн нэгж л авч чадсан байна. Тэд нийт 20 орчим тэрбум төгрөгөөр 4000 тонн мах бэлтгэсэн бөгөөд нөөцөлсөн махаа дөрөвдүгээр сард багтаан 100 орчим худалдааны цэгээр борлуулахаар төлөвлөсөн гэнэ.

Бэлтгэсэн махны 50 хувийг хонь, 30 хувийг үхэр, 20 хувийг ямааны мах эзэлж буй аж. Салбарын яамнаас тайлбарлахдаа, нөөцийн мах бэлтгэх компаниуд банкны шалгуураар, өөрсдийн хүчин чадал, эдийн засгийн чадамжид тохирсон хөрөнгө авсан. Улсын төсөвт суулгасан хөрөнгөөр аж ахуйн нэгжүүд мах бэлтгэдэг. Энэ жил 1-2 дугаар сард мөнгөө авсан. Тиймээс намрынхаас үнэтэй мал худалдан авч, мах бэлтгэсэн гэж ойлгож болно гэжээ.

Мах бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг долоон аж ахуйн нэгж мах бэлтгэн, энэ хавар зах зээлд нийлүүлэх хүсэлтээ ХХААХҮЯ-нд ирүүлжээ. Маш их хэмжээний махыг манай улс гадагш экспортолсон ч нөөцийн махыг хангалттай авч үлдэж чадаагүй байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих