Аса аваргын Акито үүлдрийн бэлэгний гөлөг $4500 үнэтэй

Японы мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга, Монгол улсын ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Асашёорюү Дагвадоржид Монгол-Японы найрамдлын бэлэг тэмдэг болгон Акито үүлдрийн нохойг Япон улсын зүгээс бэлэглэхээр болсон тухай телевизийн “Эн-Эйч-Кэй” суваг мэдээлэв.

Хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэх үүргийг гүйцэтгэх болсон их аварга Д.Дагвадоржоос гөлгийг хүлээж авах эсэхийг эхлээд асуух бөгөөд түүнийг зөвшөөрсөн тохиолдолд “Масао” нэртэй гөлгийг ирэх долдугаар сард түүнд бэлэглэх юм байна.

“Масао” нь Пёнчаны өвлийн олимпийн аварга Оросын уран гулгалтын тамирчин Алина Загитовад бэлэглэсэн “Масару” нохойны дүү ажээ. “Бусад улс орнуудтай найрсаг харилцааг гүнзгийрүүлэхэд Акито үүлдрийн нохойнууд тусалбал маш их баярлах болно” гэж уг үүлдрийн нохойг тэжээгчдийн бүлгийн ахлагч Такаши Эндо тэмдэглэжээ.

Дашрамд сонирхуулахад Акита бол манай гарагийн хамгийн үнэтэй нохдын тоонд зүй ёсоор бичигддэг бөгөөд $1500-$4500 хүртэл үнэлэгддэг гэнэ. Японы уулархаг нутгаас гаралтай Акита үүлдэрийн ноход нь Японоос гадна дэлхийн цөөнгүй оронд бий. Аливаа өвчнийг эмнэх чадвартай Акита нь та бидний сайн мэдэх Японы Хачико нохойн үүлдэр юм. Акитаг 1957 оныг хүртэл баавгай, буга зэргийг агнахад авч явдаг байсан бөгөөд биеийн өндөр, ясны бат бэх байдал нь олон талын ач холбогдолтой гэж үздэг.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих