Гадаадад

Японд ажил эрхлэх боломж нээлттэй боллоо

Япон улс Монгол улстай  хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүчин авах санамж бичиг байгуулаад байгаа.   Энэ хүрээнд нийтдээ 14 салбарт ажиллах хүч авах юм байна. Одоогоор энэ 14 салбараас эхний  гурван салбар тодорхой болоод байгаа бөгөөд  тухайлбал, Токиогийн олимп зохион байгуулах газарт хийгдэх бүтээн байгуулалтын ажил болон далайн тээвэр, өндөр настан асран халамжлах гэсэн гурван чиглэлд ажиллах хүч авах юм байна.

Ингэхдээ Японд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа хүмүүсийн цалин хөлс нь  тус  улсын жишгээр тооцогдох аж. Үүнийг төгрөгөөр тооцвол багадаа 2,5-3 сая төгрөг байх ажээ. Япон улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүч гаргах санамж бичиг энэ сараас хэрэгжиж эхэлнэ гэдгийг ХНХ-ийн сайд С.Чинзориг  тодотголоо.

Харин ажиллах хүч гаргахтай холбоотой асуудлыг ирэх долоо хоногийн засгийн газрын хуралдаанд танилцуулсны дараа бүртгэлийг хэзээнээс эхлэх, ямар шалгуураар гаргах зэрэг нарийн журмыг боловсруулна гэлээ.

Өнөөдрийн байдлаар Япон улсад дадлагажигч илгээх зөвшөөрөлтэй 67 байгууллага нийт 1154 иргэнийгтус улсад ажиллуулж байгаа гэх тоо баримт байна. Харин хөдөлмөрийн гэрээгээр ажиллах асуудалд дээрх зөвшөөрөл бүхий байгууллага орлцохгүй. Зөвхөн засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар Японд ажиллах хүч илгээх асуудлыг зохион байгуулна гэдгийг салбарын сайд онцоллоо

Ингэхдээ Япон улс ажиллах хүч авах гурван салбартаа квот буюу хязгаар тогтоогоогүй юм байна. Мөн насны дээд хязгаар заагаагүй тул 18 аас дээш насны хүмүүс гэрээгээр ажиллах боломжтой гэлээ. Энэ онд барилга, усан тээвэр, асаргааны салбарт ажиллах хүч авах тул салбар салбараас шалтгаалж хэлний түвшин, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзэх юм байна. Мөн япон улсад дадлагажигчаар ажиллаж байгаа иргэд гурван жилийн хугацаа нь дуусвал үргэлжлүүлэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллах боломжийг нээжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих