ogoomor-zahiin-orts-garts

Өгөөмөр захын зүүн талын орц, гарцыг нээв

БЗД-ийн 14-р хорооны оршин суугчид талархал илэрхийлж байна-

Хөл хорио их хотын амьдралын хэмнэлийг өөрчилжээ. Гудамж талбай сэлүүхэн. Машин тэрэг ч цөөхөн. Гэхдээ иймэрхүү дүр зураг удаан үргэлжлэхгүй. Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт худалдааны томоохон төвүүд хаяа зэрэгцэн байрладаг.

Нийслэл хотын иргэд дээр нэмээд хөдөө, орон нутгийнхан бүгд л үүгээр зорчино, үйлчлүүлнэ. Түм түжигнэж, бужигнасан газар. Өнөөдөр энэ газрыг зорилоо. Хуучин шигээ хүн, машин холхино. Бүгдээрээ маск зүүн, бээлий өмсөж, дор бүрнээ чадахаараа аюулт өвчнөөс өөрсдийгөө хамгаалан ажил, амьдралаа үргэжлүүлсээр явна.

Оны өмнөхөн хотын дарга нэгэн үнэ цэнтэй шийдвэрийг гаргасан. Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт инженерчлэлийн газар, “Өгөөмөр” захын удирдлагууд, тус захын бизнес эрхлэгчид, СӨХ-ны төлөөлөл болон оршин суугчидтай уулзалт зохион байгуулж, харилцан тохиролцож “Өгөөмөр” захын зүүн талын орцыг нээсэн явдал байсан. Километр хүрэхгүй газар өглөө, оройдоо таг бөглөрч. Нэгээс хоёр, гурван цаг бөглөрөх нь энүүхэнд. Асуудал нь “Өгөөмөр” захтай зэрэгцэн байрлах орон сууцны хорооллын 1200 гаруй өрхийн 5000 гаруй хүний эрх хөндөгдөөд байсан юм. Тэгвэл өнөөдөр энэ асуудал бүрэн шийдэгджээ.

Тухайн үед орц, гарцыг нээхэд саад учруулж буй объектууд болох 40 тонн контейнер, нэг ТҮЦ, 32 ширхэг цементэн аяган суурь, 12 суурийн блокийг зайлуулж, шороон даланг ухаж тэгшлэн орц гарцыг нээлээ.

Орон сууцны хотхон болон Өгөөмөр захын зүүн талаас Нарантуулын ар замтай холбосон замыг чөлөөлж өгснөөр автомашины түгжрэл эрс буурч, оршин суугчид гэрээсээ гарах, ороход чөлөөтэй болов. Энэ бол Төрөө дэмжсэн, хувийн хэвшлийнхэн хамтран ажилласан нэгэн сайхан түүх болон үлдэж байна.

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо нь 105 га газар нутагтай, нийт өрхийн 40 гаруй хувь нь орон сууцанд 70 орчим хувь нь гэр хороололд амьдардаг. Хүн ам өрхийн тоо нэмэгдсэнээр нийт 3099 өрхийн 12075 хүн амтай. “Нарантуул” ОУХТөв, “Өгөөмөр” техникийн зах, “Шөнийн зах”, “Хятад” худалдааны төв, “Sunday плаза”, “Everyday” плаза, “Шинэ өглөө” плаза зэрэг томоохон худалдааны төвүүд, ХӨСҮТ эмнэлэг байрладаг.

-Баянзүрх дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт дахин шинээр хоёр орц, гарцыг нээнэ-

БЗД-ийн газар, зохицуулалтын албаны дарга Ж.Гал: 14-р хорооны нутаг дэвсгэрт амьдардаг иргэдийн хувьд гарах, орох гарцны асуудал хүндрэлтэй байсан. Иймээс нийслэл хотын засаг даргаас өгсөн үүрэг даалгаварын дагуу нийслэлийн газрын алба болон бусад байгууллагууд хамтран “Өгөөмөр” захын удирдлага хамтран ажиллаж, орц гарцыг нээсэн. Өнөөдөр БЗД-ийн газрын албаны мэргэжилтэнүүд 14-р хороон дээр ирж ажиллаж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу энд шинээр орон сууцны зориулалтаар бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ. Энэ ажлыг хүрээнд шинээр нэмж хоёр ч орц, гарцыг хойд болон зүүн гэсэн чиглэлд нээнэ. Ингээд ирэхээр замын ачаалал хэд дахин буурах боломжтой болно. Өөрөөр хэлбэл, Нарны замаасаа хойшоо халдвартын урдах замтай шууд холбогдох, хороолол доторх зам болон нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөтэй нэвтрэх ажлыг Нийслэлийн газрын албанаас шат дараалалттай арга хэмжээ авч, ажиллаж байна. Мөн явган хүний замыг ч мөн чөлөөлөх ажил давхар хийгдэнэ.

Өгөөмөр техник худалдааны төвийн нарийн бичиг Д.Батцэнгэл: Манай байгууллага нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Нийслэлийн газрын албатай хамтран ажиллаж замын ачааллыг бууруулах, иргэдийн орох, гарах гарцыг нээх зорилгоор өөрийн эзэмшлийн талбайгаасаа газар чөлөөлж өглөө. Энэ ажлынхаа үр дүнд иргэдийнхээ талархалыг хүлээсэндээ сэтгэл хангалуун байна. Бусад аж ахуй нэгжүүдээ нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж Нийслэлийн газрын албатайгаа хамтран ажиллаж байгаарай гэж уриалмаар байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих