dornod-tsetserleg

Дорнод аймгийн Хэрлэн сумд хоёр цэцэрлэг шинээр ашиглалтад орно

2019 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р багт 120 хүүхдийн хүчин чадалтай 18-р цэцэрлэг, 6-р багт 150 хүүхдийн хүчин чадалтай 17-р цэцэрлэг шинээр баригдсан. Шинэ цэцэрлэг байгуулахтай холбогдуулан энэ оны 3-р сард аймгийн Засаг даргын захирамжаар “Ашиглалтын өмнөх захиргаа” байгуулан мэргэжлийн баг бүрэлдэхүүнтэйгээр холбогдох удирдлагууд, байгууллагуудтай хамтран үе шаттайгаар одоог хүртэл бэлтгэл ажлыг ханган тасралтгүй ажиллаж байна.

Төрийн албаны тухай хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан MERIT зарчмаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолт шинэчлэгдэн 7-р сард батлагдсан учраас цэцэрлэгийн эрхлэгчийн сул ажлын байрны сонгон шалгаруулалт хойшлогдсон.

Төрийн албаны зөвлөлөөс зарлаж буй цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд цэцэрлэгийн эрхлэгч томилогдоно. Эрхлэгч албан ёсоор томилогдсоны дараа бусад орон тооны хүмүүсийг тодорхой шалгуурыг үндэслэн сонгодог зарчимтай.

Төрийн албаны төв зөвлөлөөс ирүүлсэн зөвлөмжийн дагуу аймгийн Засаг дарга туршлагатай, ур чадвартай хоёр цэцэрлэгийн арга зүйчийг “Хавсран гүйцэтгүүлэх” журмаар шийдвэрлэж 9-р сарын 20-ны өдрөөс хавсран гүйцэтгэгчээр томилоод байна. 1-р багт байрлах 18-р цэцэрлэгийг 2019 оны 10-р сарын 02-ны өдөр, 6-р багт байрлах 17-р цэцэрлэгийг 2019 оны 10-р сарын 09-ний өдөр нээхээр боллоо.

Мөн шинэ цэцэрлэгийн тоног төхөөрөмжийн тендерт шалгарсан компаниуд нь энэ долоо хоногийн баасан гараг буюу 9-р сарын 27-ны өдөр нийлүүлэлт хийж тоног төхөөрөмжөө хүлээн авах юм.

Дээрх цэцэрлэгт бүртгүүлж буй хүүхдүүд эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байх ёстой бөгөөд цагаан хорхойн шинжилгээг Хэрлэн сумын 18-р цэцэрлэг энэ сарын 26-ны өдөр 13:00 цагт, Хэрлэн сумын 17-р цэцэрлэг 10-р сарын 01-ний өдрийн 13:00 цагаас цэцэрлэг дээр авах юм. Мөн цэцэрлэгт бүртгүүлэхтэй холбоотой шаардлагатай мэдээлэл зарыг 3, 14-р цэцэрлэг болон тодорхой цэгүүдэд байршуулан ажиллаж байгаа.

Дорнод аймгийн ЗДТГ

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих